m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.16 08:38
969
Хангарьд ордон түгжрэл дунд үлдэж, 97 тэрбум үнэгүйдэх үү?

Хотын төвлөрлийг сааруулахаар хотын захиргааны Хангарьд ордныг 2013 онд Ханын материал руу нүүлгэх төлөвлөгөөг тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл гаргаж,  зураг төсөл хийлгэн макет загварыг нь танилцуулж байсан.

Үүний дараа 2018 онд хотын дарга асан С.Батболд “Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь тухайн газар хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй” гэснээр 97 тэрбум төгрөгийг баталж, 2019 онд ашиглалтанд оруулахаар барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гэвч хоёр ч удаа тавьсан байрны шав байр болж боссонгүй, нэг нь мартагдаж нөгөөгийх нь  барилгын ажил удааширч, одоо бүр санхүүжилт нь зогсчээ.  Учир нь хотын дарга "Одоогийн байгаа өрөө нь хангалттай том, 260 ам метр учраас шинэ байр руу нүүх шаардлагагүй. Үүний оронд тэнд монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх стартап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой. Цахиурын хөндий шиг Яармагийн хөндий болоосой гэж бодож байна. Энэ саналаа ч цаашид дамжуулах болно”  гэж мэдэгдсэн. Гэвч даргын өрөө том үгүй нь чухал биш түүгээр үйлчлүүлдэг иргэдийн тав тух, хотын төвлөрлийг сааруулах нь хамгийн гол  үнэ цэнэ байсан юм.  Хангарьд ордон өдөрт дунджаар 5700 иргэн, ААН-д  332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч гадаах зогсоол нь давчуу, түгжрэл бөөгнөрлийг нэг дор үүсгэдгээс үйлчилгээ авах иргэдэд хүндрэлтэй байдаг юм. 

Хотын шинэ захиргааны барилгын гүйцэтгэгч талын 9911 дугаар номер руу залган одоогийн санхүүгийн байдлыг нь тодруулахад “2021 он гарснаас хойш санхүүжилт зогссон. Одоогоор яах нь тодорхойгүй хүлээлтийн байдалтай байна. Нийт гурван блок барилгын А блок бүрэн дууссан, Б блок дутуу , бид эхлэх байх гээд л найдаад бэлдээд байж байна. Туслан гүйцэтгэгч нийт 200 орчим хүн ажилладгаас санхүүгийн байдал хүндрээд ажилчдаа халах дээрээ тулсан. Энэхүү барилгыг цэвэр оффисын зориулалтаар барьсан. Хэрэв сүүлд хотын даргын ярьж байгаачлан зориулалтыг нь өөрчлөх болвол дотоод засал, зураг төслийн 40-50 хувь орчимд өөрчлөлт орох болов уу.  Одоогоор бидэнд ямар нэг чиглэл өгөөгүй, хүлээлтийн байдалтай л байна. Энэ чигт нь орхихгүй байлгүй дээ” гэсэн юм.

Ийнхүү хаврын тэнгэр шиг олон ааштай дарга нарын ааш авир, тэр өдрийн тэнгэрт зориулан ажлаа төлөвлөх нь бизнес эрхлэгчид байтугай энгийн иргэдэд ч төвөгтэй байна. Хоёр сонгууль дараалан ялалт байгуулж, нэг намын бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нам доторх тэмцэл, үгүйсгэл МАН дотор ч байна. Хотын дарга С.Батболдын үед санаачлан 2018 онд  шавыг нь тавьсан засаг захиргааны шинэ байр С.Амарсайхан болоод Д.Сумъяабазар дарга нарын таашаалд нийцээгүй. Иймээс ч  ард иргэдээсээ асуух нэрийдлээр Хангарьд ордныг нүүлгэхгүй байх, цаашлаад энэхүү байрыг барьсан татвар төлөгчдийн 97 тэрбум төгрөг үнэгүйдэх нөхцөл үүссэн нь нууц биш. 68 мянган ам метр талбайтай, цэвэр оффисын зориулалт бүхий А, Б, С гурван блок байр уг нь хотын төвлөрлийг  сааруулж, Яармаг шинэ хөгжлийн төв болох зорилготой байсан. Иймээс 2019, 2020 онд ашиглалтанд орж хотын захиргаа нүүвэл одоогийн ашиглаж байгаа Хангарьд ордныг дуудлага худалдаагаар хувьчилна хэмээж байсан.  Гэвч шинэ барилгын ч санхүүжилт зогсож, хуучин барилгын хувьчлал ч талаар өнгөрлөө.