Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дауны хам шинж өвчний эсрэг дэлхийн өдөр” болгон 2006 оноос тэмдэглэж эхэлсэн.
Олон хүн дауны хам шинжийг сэтгэл мэдрэлийн өвчин эсвэл оюуны саатал мэтээр хүлээж авдаг. Гэвч даун бол халдварт өвчин, сэтгэл мэдрэлийн ч өвчин биш. Үүнийг жирийн хүүхэдтэй харьцуулахад булчингийн үзүүлэлт сул, тархины хөгжил нь харьцангуй удаан байдаг нэг төрлийн хам шинж юм. Хүний хромосом 46 байдаг бол даунтай хүмүүсийнх 47 байдаг. 21 дэх хромосом нь гурав болж хуваагддагаас үүдэлтэй эмгэг аж. Тиймээс сар болон өдрийг 21 дэх хромосомын гурвал хэмээх нэр томъёотой адил байхаар сонгон гуравдугаар сарын 21-нийг сонгожээ.
Эдгээр хүмүүс нийгэмд бусадтай адил хэн нэгэнд ялгагдан гадуурхагдах биш, тэд зөвхөн хайр халамжийг л хүсч байгаа. Тэднийг зөвөөр ойлгож, хайр халамжаар дутаалгүй өсгөж хүмүүжүүлж чадвал тэд бусдаас дутахгүй, харин ч илүү гэдгээ батлан харуулж чаддаг. Энэ асуудал олон даунтай хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд тулгардаг.
Тэгвэл уран бүтээлээрээ үзэгчдэд олон сайхан мэдрэмжийг өгч, уран бүтээлээр гайхалтай ертөнцийг бий болгодог кино уран бүтээлчид нэгэн шинэ киног хийж эхлээд байна.
СТА, жүжигчин Д.Баттөмөр даунтай хүүхдийн тухай "ТРИО" нэртэй кино найруулж, өөрөө гол дүрд нь тоглож байгаа байна. Киноны зураг авалт явагдаж байгаа бөгөөд 2022-2023 онд үзэгчдийн хүртээл болох нь. Шинээр төрж буй уран бүтээлийн талаар жүжигчин Д.Баттөмөрөөс тодрууллаа.
Тэрээр "Уран бүтээлч хүнийхээ нийгмийн хариуцлагын хүрээнд, даунтай хүмүүсийг нийгэмд гадуурхагдахгүй, айдас хүйдэсгүй, бусадтай адил эрх тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрах хүсэл эрмэлзэлийг бий болгож, тэдэнд тулгарч буй асуудлыг хөндсөн, ээлтэй нийгэм бий болгохын тулд шинэхэн уран бүтээлээ хийж байгаа" гэдгийг хэллээ.
Мөн тэрээр даунтай хүүхдүүдийг нийгэмд зөв ойлгуулах, тэднийг дэмжих төв олон байгаасай. Тэд гэр бүл, ойр дотныхон, эцэг эхдээ халуун дулаан уур амьсгал, хайрыг мэдрүүлэхээр ирдэг өвөрмөц ертөнц байдаг.
Даунтай хүүхэд маш нөхөрсөг, хайр татам. Энэ хам шинжийн талаар хүмүүс мэддэгүй, уран бүтээлээрээ дамжуулан гайхалтай ертөнцийг нээнэ. Манай улсад даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ нуух, хүүхэд нь сургууль завсардах, эрүүл мэндийн үйлчилгээ аваагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох, ялгаварлан гадуурхагдах асуудал байсаар байдаг.
Тиймээс үүнийг залруулж зөвөөр ойлгуулах юмсан гэж бодож уг уран бүтээлээ хийж байгаа" гэдгийг онцоллоо.
Энэхүү уран бүтээлд жүжигчин Д.Баттөмөрийн бага насны дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглож байгаа бөгөөд даунтай хүүхэд анх удаа кинонд тоглож, даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч уран бүтээл болж байна. Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш кинонд харамгүй зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа аж. Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх, эсвэл ялгаварлан гадуурхдаг эдгээр асуудлыг бид нийгмээсээ арилгах ёстойг энэхүү уран бүтээл танд ойлгуулах болно.
Ж.Одноо