m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.30 02:47
334
Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөд 2 жилийн алдагдсан хугацаа хамаатай юу?

Монгол хэл, бичгийн шалгалт авах нь зөв үү?

Монгол улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ хийгээд дархлааны төвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг  2014 онд туршилт явуулж, 2015 онд босго оноо 400 байхаар тогтоон, зохион байгуулдаг болсон. Үүнээс доош оноо авсан шалгуулагч ЭЕШ өгөх эрхтэй ч их дээд сургуульд элсэх эрхгүй гэсэн үг.

2020 онд энэхүү шалгалтыг аваагүй байдаг. Учир шалтгааныг холбогдох байгууллагаас тодруулахад тухайн шалгалтыг авах цаг хугацааны үеэр Монгол улсад хөлд хорио тогтоогдож, УОКомиссын шийдвэрээр аваагүй гэсэн хариултыг өгч байлаа.

Харин энэ жил буюу 2021 онд шалгалтыг дахин зохион байгуулж ирэх 5 сард авахаар төлөвлөөд байгаа нь төгсөх ангийн сурагчдын хувьд  асуудал болоод байгаа аж.

Учир нь коронавируст халдвараас шалтгаалан сүүлийн 2 жил  хичээл сургууль цахим хэлбэрээр явагдаж буй. Цахимаар хичээллэх нь сурагчдад хувь хүнээ илүү дайчлан, бие даан суралцах боломжийг олгож байгаа хэдий ч хаалга бүрийн цаана амьдрал харилцан адилгүй. Хүн бүрд ухаалаг утас, телевизор байх алба ч байхгүй. Тэгвэл эдгээр асуудлын гадна үлдсэн сурагчид хоёр жилийн мэдлэг боловсролоо хаанаас нөхөж авах вэ гэдэг асуудал ч яригдаж байна.

Харин боловсролын байгууллагын зүгээс бол сурагчид  10 жилийн турш сурсан эх хэлнийхээ  шалгалтыг өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй гэх байр суурьтай байгаа юм.

Эх хэл бол улсын оршин тогтнох гол тулгуур юм. Өнөө үед цахим хэрэглээ хэт ихсэж Монгол хэлний дархлаа өдрөөс өдөрт унаж байгаа бөгөөд бид эх болсон Монгол хэлээ хайрлан хамгаалах ёстой. Хэрэглэгдээгүй удсан төмөр зэвэрдгийн адилаар Монгол хэлний хэрэглээ багасах тусам улсын минь оршин тогтнох асуудалд сөргөөр нөлөөлж буйг бодож үзэх нь зөв болов уу?

Б.Батчимэг