УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж, нэгж бүрийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.
Эрчим хүчний салбар 2020-2021 оны өвлийн их ачаалалд системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 20 оны 12 сард хамгийн өндөр ачааллыг авсан ба төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308мгВТ хүрсэн болно.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллаас 150МВт, дөрвөн жилийн өмнөх мөн үеэс 292МВт-аар тус тус нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн хугацаанд ДЦС-3, Дарханы ДЦС-уудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс давсан хэмжээгээр хэрэглэгчийн ачаалал нэмэгдсэн. Монгол Улсын хэмжээнд 2020 онд дотоодын үйлдвэрлэлээс 7.1 тэрбум КВт цаг цахилгаан эрчим хүч, 12.5 сая ккаль цаг дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэсэн.
Эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хэрэглээний 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортоор хангасан. Эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдэж, 8.8 тэрбум КВт цаг болсон. Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өсч, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ дундждаар 6-7 хувийн өсөлттэй байна. Эрчим хүчний дотоодын үлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг ДЦС, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.003 хувийг дизель станцууд үйлдвэрлэж байна.
Хэдийгээр COVID-19 цар тахлын үед улсын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээ багассан боловч эрчим хүчний хэрэгцээ өссөн. Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг төрөөс хариуцахаар шийдвэрлэснээр цахилгааны хэрэглээ оргил ачааллын саруудад огцом нэмэгдэж, эх үүсвэрүүдийн боломжит хүчин чадлын хэмжээнд тулсан, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хэмжээнд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай техникийн арга хэмжээг шуурхай авч, диспетчерийн зохицуулалтыг тухай бүр хийснээр Засгийн газрын тогтоолоос шалтгаалан бий болсон хэрэглээний өсөлт болон 2020-2021 оны өвлийн их ачааллыг салбарын хэмжээнд амжилттай давлаа.
Дулааны эрчим хүчний тухайд онцлон хэлэхэд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд дулааны үйлдвэрлэлийн эх үүсвэр шинээр бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 150-230 ккаль цаг хэрэглээ бүхий 250-300 барилга объект шинээр холбогдож байна. Сүүлийн жилүүдэд дулааны үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн боловч хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй байна".
"Эрчим хүчний салбар 2020 онд үйл ажиллагааны 67.9 тэрбум, татварын дараах дүнгээр 82.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа” гэдгийг онцлон хэлэв.
Б.Батчимэг