Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яам 7 хоног бүр олон нийтэд танилцуулж байгаа.
Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын байр дэмжих зээл олголтын явцын талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монгол банкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар мэдээлэл хийв.
Өнөөдрийн байдлаар 4033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгосон байна.
Үүнээс 1661 нь Улаанбаатарт, 3084 нь орон нутагт олгогджээ. Нийт 4,745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдсон бол үүний хүрээнд 29,321 ажлын байрыг хадгалж үлдсэн аж.
Монгол банкны дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,437 зээлдэгчид 210,4 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2,488 зээлдэгчид 186,7 тэрбум төгрөгийн зээл олгогдсон.
Мөн өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлснийг сангийн дэд сайд хэвлэлийн бага хурлын үеэр онцолж "Сар бүрийн 20-нд олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ний өдрүүдэд олгоно. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119,8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8826 хүүхдийн 0,8 тэрбум төгрөгийг олгож байна” гэв.