Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон.
Байлдагчдийн хувьд хоёулаа 19 настай , ахлагч болох талийгаач Г нь 34 настай, гурван хүүхдийн аав байжээ. Оргосон хоёр байлдагчийг одоогоор бариагүй байгаа бөгөөд зугтах явцдаа тэд айлын мотоцикль унаж 50 км явсан ч бензин нь дуусч, уул руу явганаар гарсан байна.
Тэднийг хил хамгаалах, тагнуулын 100 гаруй алба хаагч эрэн хайх ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжүүлж байна.