Ойрын үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Хятадад нэг сая хүний амийг залгисан “Көпадэ” шумуул Монголд дөхөж явна” гэсэн мэдээлэл цацагдсан байна. Бид ДЭМБ-ын албан цахим хуудас, Олон улсын албан бус цахим хаягийг шүүж үзэхэд уг мэдээллийг баталгаажуулах мэдээ бүртгэгдээгүй байна. Харин манай улсад зуны улирал болж байгаатай уялдуулан шумуулаар дамждаг өвчний талаар товч мэдээллийг танилцуулж байна. Тодруулбал, Зоонозын буюу мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнүүдийн үүсгэгч нь байгаль дээр зэрлэг амьтад болон мал, тэжээвэр амьтдын дунд оршиж байдаг. Өвчтэй мал, амьтнаас халдвар хүнд дамжихад шимэгч, цус сорогч үе хөлтөн ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Өвчтэй мал, амьтны цус сорсон хачиг, бөөс, бүүрэг, шумуул зэрэг нь олон халдварт өвчнийг дамжуулдаг, тухайлбал, манай оронд хачгаар дамждаг энцефалит, боррелиоз, риккетсиоз хүний өвчний тохиолдол жил бүр бүртгэгдэж байна. Дэлхийн бөмбөрцөгийн баруун зүүн хоёр хэсгийн халуун бүсийн улс орнуудад, экваторын бүсэд Африк, Америк, Өмнөд Азийн нутагт шумуулаар дамждаг халдварууд болох шар чичрэг, Денгийн чичрэг, Рифт хөндийн чичрэг, Ласса чичрэг, Хумхаа зэрэг өвчнүүд олон хүнийг өвчлүүлэн нас баралт өндөртэй байдаг. Эдгээрээс Хумхаа, Денгийн чичрэг өвчин нь хамгийн эрсдэлтэй бөгөөд 3.3 тэрбум хүн хумхаагийн халдвар авах магадлалтай бүсэд амьдардаг бөгөөд жил бүр 250 сая нь өвчилж, 1 сая гаруй хүн нас барж, Денгийн чичрэг өвчнөөр жилд 100 сая хүн халдвар өвч, 25 мянган хүн нас барсаны 90% орчим хувь нь Африкт бүртгэгддэг байна.
Хумхаа өвчний гол дамжуулагч нь “Anopheles” төрлийн шумуул бөгөөд одоогоор мэдэгдээд байгаа 460 орчим зүйл байгаагаас 40 гаруй зүйл нь хүнд хумхаа өвчнийг дамжуулдаг. Манай оронд “An.maculipensis Meig, An.hyarcanus Pall” төрлийн шумуул тархсан байдаг ч хумхаа өвчин манай орны хувьд нутагшмал бус өвчин. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал хөгжихийн зэрэгцээ хумхаа өвчин улс оронд зөөвөрлөгдөн тархах эрсдлийг бий болгож байна. Тухайлбал: 2009 онд Энэтхэг Улсад хоёр, БНСУ-д нэг, 2013 онд Гана Сьера-Леон улсад нэг хүн хумхаа өвчний халдвар авч өвчилсөн тохиолдлыг оношилсон байна. Иймд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг танилцуулж байна. Үүнд:
- Зөөвөрлөгч шумуулын нягтралыг тогтоох, тэдгээрийн үрждэг газрыг илрүүлж устгах
- Шумуул элбэгтэй газар нутаглах, үүрийн бүрэнхий болоод үүрийн гэгээнээр гадагш гарахаас зайлсхийх хэрэгтэй. Шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай хувцас өмсөх
- Шумуул хазахаас сэргийлж үргээгч бодисыг хэрэглэх, гэр орны хаалга, цонхондоо хаалт хийх, орныхоо дээгүүр шумуулаас хамгаалах тор татаж, торны хормойг гудасныхаа доогуур сайн оруулж тор бүтэн эсэх дотор нь шумуул орсон эсэхийг сайн шалгах нь зүйтэй.
- Хэрэв хумхаа өвчний голомттой нутгаас ирснээс хойш 7-15 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, бие сулрах, нуруугаар өвдөх, булчин өвдөх бөөлжих, суулгах, ханиалгах зэрэг шинж тэмдэг зэрэг шинж тэмдэгээс 2 ба түүнээс дээш шинж тэмдэг хавсран илэрвэл хумхаагаар өвдсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй юм байна.