Жирэмслэх нь физиологийн хэвийн ажиллагаа боловч эрүүл ахуйн дэглэм сахих явдал нэн чухал болно. Эх хүн хүүхдээ 280 хоног тээж төрүүлдэг. Жирэмсний хугацааг гурав гурван сараар зааглан тухай бүрийн онцлогт тохирсон сэргийлэх ажил хийнэ.
Жирэмсний эхний гурван сар. Үр тогтох нь өндгөн /эм бэлгийн/ эс эр бэлгийн эстэй нийлэх тэр үеэс буюу хоёр дахь хоногоос хэзээний шинэ бие махбод үүсч бий болох биологийн нарийн процесс бүрэлддэг. Дараагийн гурав хоног гэхэд үр хөврөл умайн гуурсны гүрвэлзэх хөдөлгөөнөөр умайн хөндий рүү хөдөлнө. Хэрэв үр дамжуулах гуурсны сүв нарийн буюу үрэвсч наалдац үүссэний улмаас битүүрвэл нийлсэн үр тэндээ саатаж үлдэнэ. Ингэж үр хөврөл үхэх, эсвэл умайн гаднах жирэмсэн болоход /хожим яаралтай мэс засал хийхэд/ хүрнэ. Үр хөврөлийн хөдөлгөөн хэт түргэн бол умайн хөндийн салст бүрхэвч түүнийг хүлээн авч, шигдүүлэн ургуулах аятай нөхцөл бүрдээгүй байдгаас умайн доод хэсэгт бэхлэгдэж /эхэс доор байрлах буюу түрүүлэх/, жирэмсний явц хүндэрч, хугацаанаас өмнө таслдах, үр зулбах, дутуу төрөх зэрэг аюул учирч болно.
Хэрэв үр хөврөл умайн булчингийн хавдарт эсвэл умайн хөндийд үүссэн сорив руу /үр хөндсөний дараах/ шигдэж ургавал/ бэхлэгдвэл/ түүний тэжээл цаашид хөгжих аятай нөхцөл бүрэлдэхэд саад учрах болно. Ийм хүндрэл бий болгохгүйн тул тул яаж сэргийлэх вэ?
Сэргийлэлтийг нилээд эртнээс буюу жирэмслэхээс өмнө умайд болон түүний дайврын үрэвсэл байвал тэвчээртэй эмчлүүлэх, ингэж үрэвсэх, үр хөндөхөөс зайлсхийх явдал нэн чухал. Үр тогтсон өндөг умайн хөндийн хөвсийж сийрэгжсэн салст бүрхэвч рүү тропин хэмээх гормон ялгаруулж эхлэх бөгөөд энэ гормон жирэмсний хэвийн явцыг хангах бусад гормоны идэвхийг дээшлүүлдэг болно. Жирэмсний долоо дахь хоногт трофобластаас эхэс үүсч эхлэх ба энэ хугацаа нь жирэмсний хамгийн эгзэгтэй /жирэмслэлт эрт тасалдах аюул бүхий/ үе гэж тооцогддог. Учир нь энэ үед өндгөвчийн шар биеийн ажиллагаа буурч, эхэс дөнгөж үүсч байдаг. Хэрэв эхэс цаг хугацаандаа хэлбэрээ олж хөгжих чадахгүй бол шаардлагатай гормон дутагдаж жирэмслэлт тасалдахын шалтгаан болдог.