m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.09 01:43
328
МУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчид цэргийн ёслолын жагсаалд оролцоход бэлэн болжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцоход бэлэн болжээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагчид өчигдөр /2021.05.08/  нэгдсэн бэлтгэлээ хийсэн. 

Мөн энэ өдөр /2021.05.09/ ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцоно. 

Цэргийн парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөх бол энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа билээ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.

Цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нар удирдан оролцож байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын цэргийн алба хаагчид нь ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн урилгаар оролцож байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхнаас бүрдсэн тус бүрэлдэхүүнийг ахмад Б.Банзрагч командлан алхахыг ЗХЖШ-аас мэдээллээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.

Ж.Одноо