m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.12 23:32
174
ЕБС-ийн 1-6 ангийн сурагчдад үдийн хоол өгдөг болно


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийнхан өчигдөр Баянзүрх дүүрэгт байрладаг ерөнхий боловсролын 79, 14 дүгээр сургуулийн ажилтай танилцлаа.

УИХ-аас 2019 оны тавдугаар сарын 30-нд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болно. 

Гишүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар сургуулиудын захирлуудаас мэдээлэл авлаа. Мөн тендерт шалгарч үдийн цай үйлчилгээ хүргэх гэрээ байгуулсан компаниудын захирлуудаас хуулийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүүхдүүд дархлаа сайтай, өвчлөлгүй байхад илчлэг, витаминлаг хоол хүнсээр хангах, түүнийг үйлдвэрлэх процесс хамгийн чухал учир хуулийн хэрэгжүүлэх суурийг анхнаас нь зөв тавих шаардлагатай гэв.

Ажлын баг цаашид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэх юм.