m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.18 01:09
448
ТОДРУУЛГА:ЗАВХАН АЙМГИЙН ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИРГЭН ВАКЦИНААС БОЛЖ НАС БАРСАН УУ?

Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн иргэн 46 настай А нь 5-р сарын 14-ны өдөр зуурдаар таалал төгсчээ. Талийгаач дөрөв хоногийн өмнө буюу 5-р сарын 10-нд сумын эмнэлэгтээ  очиж “Синофарм” үйлдвэрийн веросэл вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. Тэрбээр вакцин хийлгэхээсээ өмнө даралтаа үзүүлэхэд 140 хүрсэн учир түр азнаад даралтаа буулгажээ.  Харин маргааш нь түүний бие эвгүйцэн, сульдаж ядарсан, хоёр хоногийн дараа цээж хөндүүр оргиод байна хэмээн зовиуруудаа эхнэртээ хэлсэн байна. Ингээд эмнэлэг явах гэсэн ч биеийнх нь байдал гайгүй болчихоор нь ямаагаа самнахаар хөдөө явсан бөгөөд тэрбээр ямаагаа самнаж байхдаа нас баржээ.

Тэгвэл талийгаач нь сумын эмнэлэгт вакцин хийлгэх гэж очиход үед биеийн байдал нь ямар байсан талаар Завханмандал сумын эмнэлгийн дарга н.Дулмаагаас тодрууллаа.

- Танай эмнэлэгт вакцины эхний тунгаа хийлгэсэн 46 настай эрэгтэй дөрөв хоногийн дараа нас барсан гэх мэдээлэл байна.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?  

- Бидний зүгээс одоогоор вакцинаас болж нас барсан уу, үгүй юу гэдэг дээр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн өдөр вакцин хийлгэх эсрэг заалт байхгүй байсан учир вакцин хийсэн. Задлан шинжилгээгээр эдийн  шинжилгээний хариу гарсаны дараа  нас барсан шалтгаан тодорхой болно.

Бидний зүгээс одоогоор вакцинаас болж нас барсан уу, үгүй юу гэдэг дээр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй

- Эмнэлэгт очиход талийгаачийн даралт нь өндөр байсан уу?

- Даралт нь өндөр байсан бол мэдээж буулгаж байж вакцин хийнэ.

- Талийгаач эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаантай байсан уу. Өмнө нь сумын эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч байв уу?

- Архаг хууч өвчин байгаагүй. Эмнэлгээс тэр болгон тусламж үйлчилгээ аваад байдаггүй байсан.

             

      Тус сумын эмнэлгийн зүгээс дээрх тайлбарыг өглөө. Тэгвэл Завханмандал сумын иргэн учир битүүлгээр нас барсан асуудлаар Засаг дарга н.Мягмаржаваас тодруулав.  

 

- Завханмандал сумын иргэн вакцин хийлгээд нас барсан гэх мэдээллийг дагуу холбогдож байна. Нас барсан шалтгааныг тодруулсан уу?

- Манай сумын иргэн вакцинаас болж нас барсан зүйл огт байхгүй. Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллага болон шинжээч томилогдож ажиллахад уушги нь устсанаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллага болон шинжээч томилогдож ажиллахад уушги нь устсанаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан

- Таны хувьд талийгаачийг сайн таних уу. Ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай байсан талаар мэдэх үү?

- Танилгүй яахав. “Алтайн Улиастай” компанийн салбар болох “Гүнгийн галуутай” буюу бага оврын усан цахилгаан станцад оператороор ажилладаг. Арай ажил нь эхлээгүй байсан.  Вакцинаас болж нас барсан гэдэг таамаг төдий мэдээлэл яваад байгаа. Эцсийн хариу гарч байж нас барсан шалтгаан тодорхой болно шүү дээ.  

Б.Цацрал