УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.05.19/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь буюу 81.2 хувь нь дэмжсэнгүй.
УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасныг Ерөнхийлөгч энэ оны тавдугаар сарын 06-ны өдөр уг хуульд бүхэлд нь хориг тавьсан.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 02 дугаар дүгнэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
УИХ цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсан.
Үүнд, хуулийн 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;", хуулийн 2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” хэмээн тус тус өөрчлөн найруулж, уг хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.