m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.05.19 07:21
841
Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний ээлжит хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллээр Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцуулсан юм.

Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ.   

No description available.

Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа.

Мөн энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатарын өмнө тулгамдсан орон сууцжуулах асуудал, дулаан, цахилгааны V эх үүсвэр, Богдхаан төмөр замын асуудал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж тодорхой үүргүүдийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст өглөө. Иргэдийг орон сууцжуулах асуудалд тухайлбал, иргэдийн хамгийн хүнд асуудал байдаг орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хэсгийг Зээлийн батлан даалтын сангаар гаргуулах гэх мэт асуудлыг судалж шийдэх үүргийг Ерөнхий сайд өгөв.