Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төр
2021.05.20 01:27
602
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах төсөл өргөн мэдүүлэв

 Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв.

Тогтоолын төсөл нь 2 заалт, 7 дэд заалттай. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд үүрэг болгосон зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюун ухааны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэстний дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч гишүүд үзэж буйгаа илэрхийллээ.

Дэлхийн бусад улсад ч энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага, батлагдсан хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц олон байдаг. Тухайлбал, улс үндэстнийхээ удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаарх харилцааг 23 улс Эрүүгийн хуулиараа, 7 улс Иргэний хуулиар, 9 улс Гэр бүлийн хуулиараа, 4 улс бие даасан хуулиар тус тус зохицуулсан байдаг ажээ.