m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.19 03:24
739
Амьд хөгжмийн наадам эхлэхэд нэг сар үлдлээ

Тасралтгүй 13 жил “нүргэлж” байгаа Монголын амьд хөгжмийн “Playtime” наадам “Монгол шилтгээн” цогцолборт эхлэхэд нэг сар үлджээ.
Уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлогтой. Анх удаа шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд бүтээлээ  тус наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийдэг. Тухайлбал, “Нисванис” хамтлаг өөрсдийн дөрөв дэх цомог болох  “Сэтгэл хөдөлнө”, “The Lemons” гурав дахь цомгийн бүтээлээс, “Vatame”, “Compass”, “Colors”, “Моханик” хамтлаг шинэ цомгийнхоо дуунаас хүргэх юм.
Наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” , “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлаг ирэх аж. Тоглолтын талбайн бүтэц өнгөрсөн жилийнхтэй адил гол ба жижиг тайзнаас бүтэх бөгөөд ирэх сарын 19, 20-нд задгай агаарт  майхнаа байрлуулан амарч, дуртай хөгжмөө сонсох боломжтой юм. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэхээс гадна жижиг тайзан дээр DJ нар өөрсдийн “сэт”-ийг толилуулах ажээ.

Наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” , “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлаг ирэх аж.

Энэхүү наадам шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж, үзэгчдэд таниулдаг билээ. Энэ ч утгаараа энэ жил  “The Tourist”, “The Y.O”, “Atlantics”, “Motorway”, “FUTURAMA”, “Amphibian Sphere”, “Purgatory Destroyers”, “Strings”, “Sakobs”, “The Linked”, “The Vibes”,  “MonHax”, “Шугам”, “Солонго”,  “El Cid” хамтлаг өөрсдийн дуунуудаасаа хүргэх юм. Одоогийн байдлаар нийт хэдэн хамтлаг оролцох болон тасалбарын үнэ гараагүй байгаа аж.