Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 40 гаруй зүйлийн зараа бүртгэгдээд байгаа юм байна. Харин Монгол оронд Дагуурын болон Дэлдэн гэсэн хоёр зүйлийн зараа амьдардаг. Шавьж идэштэн багийн зарааныхан овгийн Дагуурын зарааг 1997 онд Монголын “Улаан ном”-д ховор зэрэглэлд бүртгэсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын эмзэг зүйл амьтан юм.
Дагуурын зараа нь биеэр том бөгөөд биеийн урт 23-27 см, сүүл нь 2.4-3.8 см байдаг. Чих нь богинохон, урагш нугалахад нүдэндээ хүрдэггүй. Арьс нь нарийн шовх, өргөслөг бүрхүүлтэй, цайвар бор өнгөтэй, тавхай нь хар хүрэн өнгөтэй. Зургаагаас долдугаар сард 5-6 зулзага гаргадаг. Үдшийн бүрэнхий, үүрийн харанхуйгаар гөрөөлж зүйл бүрийн шавьж, оготно, хулгана, шувууны ангаахай барьж иддэг амьтан юм. Ойн зах, хус, шинэсэн төгөл, голын татмын бургасан шугуй, задгай хээрт нутагладаг Дагуурын зараа нь дархан цаазат газрын орчны доройтол, бохирдлоос болж ховорджээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүмүүс арьсыг нь авах гэж агнах болсон байна.
Дэлдэн зарааны биеийн урт нь 12-27 см, сүүл нь 1-5 см байна. Өргөс нь хар бор, цагаан судалтай ба гэдэс хэвлий хэсэг нь цагаавтар юм. Бусад зараанаас харьцангуй урт том чихтэй болно. Дундажаар 200 гр жинтэй ба 500 гр хүртэл бий. Дэлдэн зараа хуурай тал хээр, хагас цөлийн болон говь цөлийн бүсэд нутаглана. Тэд голдуу ганцаар амьдрах ба өвөл ичдэг байна. Хонгил нүхэнд амьдрах бөгөөд өөрөө ухах, эсвэл үнэг, үлийн цагаан оготно зэргийн орхисон хуучин нүхэнд үүрлэдэг. Дэлдэн зараа нь шавьж идэштэн юм. Хоол тэжээлийн 70% нь цох, үст хорхой, өт, чийгийн улаан зэрэг болно. Мөн тэд шувууны өндөг, могой гэх мэт иддэг аж.
Сонирхуулахад, Зараа өвлийг 128 хоног ичиж өнгөрөөдөг байна. Зарааг унтаж байхад, түүний биеийн температур цельсийн хоёр хэм хүртэл буурдаг ажээ (хэвийн нөхцөлд биеийн температур нь 32 градус байдаг юм). Унтаж байгаа зарааны амьсгал маш удааширч, минутад дээд тал нь 8 удаа амьсгалж, амьсгалаа гаргадаг бөгөөд харин сэрүүн үедээ зараа 40-50 удаагийн давтамжтай амьсгалдаг байна. Нойрноосоо сэрсэн зараа өлсгөлөн амьтны нэг тод жишээ байдаг бөгөөд сэрснээсээ хойшхи хэдэн өдрийг энэ амьтан гагцхүү идэх юм эрж хайхад л зориулдаг байна.