Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “KHAAN QUEST 2014” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн үйл ажиллагаанд 23 орны 1200 гаруй алба хаагчид оролцож байна. Энэ сургуулийн хүрээнд команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургууль дадлага, эмнэлгийн хамтарсан ажиллагаа, барилгын хамтарсан ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн сургалт дадлага болох юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дэд дарга-штабын дарга хошууч генерал Б.Баярмагнай, АНУ-ын Батлан хамгаалах яамны Зүүн хойд азийн асуудал эрхэлсэн газрын дарга David Hallway нар болон бусад орны хүндэт зочид, цэргийн алба хаагчид оролцлоо. Команд-штабын сургууль НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс батальоны хэмжээнд оролцох бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг онцлогтой. Олон үндэстний цэргийн алба хаагчид төрөл бүрийн зэвсгийн систем, тактиктай танилцаж, сургалтын найман цэгт хичээллэх юм. Өнөөдрийн үйл ажиллагааны нээлтэнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчдын үзүүлбэр, Батлан хамгаалах их сургуулийн хөгжмийн сургуулийн үзүүлбэр, Монгол үндэстний язгуур урлагийн үзүүлбэрүүдийг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд сонирхууллаа.
Хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа, эмнэлгийн бэлэн байдлын сургуулиудад бусад орнуудын алба хаагчид оролцох юм. Мөн ажиглагчийн статустай орнууд энэхүү олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Үндсэн оролцогчоор 10 гаруй улс, ажиглагчийн статустай 20 гаруй улс энэ удаагийн ажиллагаанд оролцож байна.
ЗХЖШ-ын дэд дарга-штабын дарга хошууч генерал Б.Баярмагнай
“KHAAN QUEST 2014” цэргийн хээрийн сургуулилалтын ажиллагааг анх АНУ, Монгол Улс хамтран 2003 онд болж байсан. 2006 оноос олон улсын шинж чанартай болж өргөжин тэлж энэ жил 23 орны 1200 цэргийн албан хаагч оролцож байна. Энэ удаагийн хээрийн сургуулилт маань дөрвөн үндсэн арга хэмжээнээс бүрдэж байгаа. Команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургууль дадлага, эмнэлгийн хамтарсан ажиллагаа, барилгын хамтарсан ажиллагаа гэсэн үндсэн хэсгээс бүрдэж байна. Командын штабын сургуульд оролцож байгаа Монгол Улсын бательоны штаб нь Өмнөд Судан улсад дараагийн ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчид оролцож байгаа. Энэ нь штабаас гаргасан сургуулийн цагийн хуваарь дээр Олон улсын үндэсний салааны хээрийн сургууль явагдана. АНУ, Монгол, Өмнөд Солонгос, Тажикстан улсын алба хаагчид энэ ажиллагаанд оролцоно.
АНУ-ын Батлан хамгаалах яамны Зүүн хойд азийн асуудал эрхэлсэн газрын дарга David Hallway
Монгол Улсын зэвсэгт хүчний сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй зэвсэгт хүчнийг шинэчлэх бодлогын хүрээнд зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа дэлхий өнцөг булан бүрт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох чадавхиа дээшлүүлэхэд нь асар том хувь нэмэр болж байгаа юм. Манай хоёр орны зэвсэгт хүчний хувьд олон удаа хамтран ажиллаж харилцаагаа өргөжүүлсээр байгаа. Тийм ч учраас энэ жилийн “KHAAN QUEST 2014” олон улсын энхийг дэмжих ажиллагааг хамтран зохион байгуулж байгаадаа таатай байна. Энэ ажиллагаа нь Монгол Улсын нэр хүндийг Ази номхон далайн бүс нутгийн хэмжээнд ямар байр суурь эзлэхийг илэрхийлж өгдөг онцлогтой юм.