Тоглолт№ 27АРГЕНТИН-ИРАН 1:0
Гоол: Месси 90+1
Аргентин: Ромеро, Гарай, Забалета, Гаго, Ди Мария (Билья 90+4), Игуаин (Лавесси 76), Месси, Машерано, Рохо, Фернандес, Агуэро (Паласио 76)
Иран: Хагиги, Хажсафи (Хагиги 88), Хоссейни, Садеги, Некунам, Шожаеи (Хейдари 77), Теймурян, Монтазери, Гооханнеяд, Дежага (Жаханбаш 85), Пулади
Шар хуудас: Некунам 53, Шожаеи 73
Белу Оризонти, “Минейран” цэнгэлдэх. 57.698 үзэгч
Энэ тоглолтын өмнө олны анхаарлыг ганц л зүйл татаж байлаа. Энэ нь Аргентин өрсөлдөгчөө хэдэн гоолын зөрүүтэй хожих вэ гэсэн асуулт. Иран хэдийгээр Ази тивийн шилдгүүдийн нэг боловч сод хөлбөмбөгч Лионель Месси тэргүүтэй Аргентинаас оноо зулгаана гэж хэний ч санаанд багтахгүй байлаа. Гэтэл ийм зүйл болох тун дөхөв.
Аргентиний дасгалжуулагч А.Себалья энэ тоглолтод багийнхаа тактикт бага зэрэг өөрчлөлт оруулж, Л.Мессиг төвд бус, баруун жигүүрт гаргав. Ингэснээр түүний баг 4-3-3 гэсэн уламжлалт хувилбар руу шилжлээ. Өмнөх тулаанд сэлгээгээр талбайд гарч ирсэн Ф.Гаго энэ удаа үндсэн бүрэлдэхүүнд багтжээ. Энэ тулаан “Барса”-гийн хавбек Х.Машераногийн шигшээдээ хийж буй 100 дахь тоглолт гэдгээрээ онцлог байв. Энэхүү үзүүлэлтээр түүний өмнө гуравхан хүн бичигддэг нь Х.Занетти (145 тоглолт), Роберто Айяала (115), Диего Симеоне (106) нар юм.
Тоглолтын анхны аюултай довтолгоог Г.Игуаин хийсэн ч хаалгачийг аргалж чадсангүй. Тэрбээр Ф.Гагогийн ухаалаг дамжуулалтаар Хагилигийн эсрэг ганцаар гарч ирсэн ч цохих орон зай бага байсан тул бөмбөгөө бариулчихав. Дараа нь хамгаалагч Рохо булангаас дамжуулсан бөмбөгийг эвгүй мөргөсөн ч хаалганы хажуухнаар өнгөрлөө.
Гэхдээ Аргентин үргэлж довтолж, Иран хамгаалаад байсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Иранчууд үе үе өрсөлдөгчөө сандаргаж байсны нэг нь 51 дэх минутад гоол болох тун дөхөв. Энэ удаа төвийн хамгаалагч Монтарезигийн дамжуулалтаар довтлогч Реза тун аюултай мөргөлтийг хийсэн ч Аргентиний хаалгач Ромеро бөмбөгийг хааж чадсан юм. 67 дахь минутад Ираны хагас хамгаалагч А.Дежага бас нэг эвгүй мөргөлт хийхэд хаалгач Ромеро аюулыг зайлууллаа. Ерөнхийдөө иранчууд цөөн хэдэн довтолгоогоо чанартай гүйцэтгэж, дэлхийн хошой аваргуудыг сандаргаж байв.
Багийнх нь тоглолт болохгүй байгааг анзаарсан Себалья 76 дахь минутад давхар сэлгээ орууллаа. Тэрбээр Игуаин, Агуэрогийн довтолгооны хослолыг суулгаж, Р.Паласио, Э.Лавесси нарыг талбайд гаргаж ирэв. Аргентиний хувьд Иран мэтийн багтай оноо хуваалцах ашиггүй тул гоол хийх гэж янз бүрээр оролдсоор. Харин Ираны баг бүтэн багаараа хамгаалалтад шилжиж, ДАШТ-ий ээлжит нэгэн сенсаацыг тарихыг хичээж байв. Тэд үүндээ ч хүрэх дөхсөн. Гэвч Лионель Месси хэмээх супер хөлбөмбөгчний хувийн ур чадвар тэдний 90 минутын хөдөлмөрийг баллаж орхих нь тэр. Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн цаг эхлээд эхний минут өнгөрч байхад Месси 16-гийн гадна бөмбөгийг хүлээн авч, нэг хамгаалагчийг дарж хуураад солгой хөлөөрөө цохисон нь торонд оров. Ираны хаалгач Хагиги аюулыг зайлуулахыг хичээн сунаж үсэрсэн ч бөмбөг түүний хажуугаар өнгөрч, хаалганд орлоо. Ираны хувьд дэндүү харамсалтай, Аргентиний хувьд баяр бахдал зэрэгцсэн мөч. Гэхдээ тоглолтын 70 хувьд нь бөмбөг эзэмшиж, өрсөлдөгчөөсөө хоёр дахин илүү аюултай довтолгоо зохион байгуулсан Аргентин ялалт байгуулсан нь шударга явдал байв.
Ираны хувьд “Албиселесте”-д анх удаа хожигдож байгаа нь энэ. Хоёр баг анх 1977 онд Мадрид хотноо нөхөрсөг уулзалт хийхэд 1:1-ээр тэнцэж байж. Энэ удаагийнх хоёр дахь уулзалт байв. Иранчууд өнөөдөр дээрх үр дүнгээ давтахыг хичээсэн ч бага зэрэг аз дутлаа.
Аргентиний хувьд өрсөлдөгчөө цаг дуусах мөчид арайхийн хожсон нь үнэн. Гэхдээ тэдний багийн тоглолт өмнөхөөс хамаагүй сайжирсан нь илт харагдаж байна. Дээр нь Месси ийм гайхалтай формтой байхад ямар ч баг тэднээс эмээх нь тодорхой.