“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагаас санаачлан “Саруул Монгол” аяныг орон даяар зохион байгуулж эхлээд байна.
Тус холбооноос “Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр”-ийг угтан хүүхэд, залуусын дунд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулан сурталчилах “Эрүүл амьдарч, Саруул сэтгэе” уриатай олон нийтийн аян эхлүүлж буйгаа өнөөдөр албан ёсоор зарлаж, мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд “АХХ” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан, ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан Б.Батбилэг, НЭМГ-ын мэргэжилтэн Д.Ганцэцэг, НЭМҮТ-ийн дэд захирал Д.Отгонжаргал, НЭМҮТ-ийн мэргэжилтэн Б.Сувд, СЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Мөнхтуяа, ХТМБИХН-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн, “Mongolian Rap Hip-Hop academy”-ийн тэргүүн И.Марка ("Хартас" хамтлагийн ахлагч), “Gerelt media group” продюссер М.Дорждэрэм, “АХХ” ТББ-ын “Эрүүл мэнд” клубын ерөнхий зохицуулагч Н.Болдбаатар нар оролцож өөр өөрсдийн эрхлэх хүрээнд мэдээлэл хийлээ.
Аяны хүрээнд энэ сарын 29-нд Чингисийн талбайд “Саруул Монгол” аяны өдөрлөг, жагсаал болох юм байна.
Түүнчлэн тус аян “Саруул Монгол” нэртэй өөрийн гэсэн сүлд дуутай болж байгаа бөгөөд дууны үгийг Марка, Женни, МС, Ариунаа, аяыг “Хартас” хамтлагийн ахлагч Марка нар зохиож, хамтран дуулжээ. Сүлд дуу өнөө оройноос эхлэн бүхий л радио, телевизээр цацагдаж эхэлнэ.