Эдийн засаг, бизнес, санхүүгийн зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг Их Британийн “Capital Finance International” сэтгүүлээс “Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан шилдэг байгууллага”-аар “Монголын Ипотекийн Корпораци”-ийг шалгарууллаа.
Ийнхүү Монгол Улсын хоёр дахь санхүүгийн байгууллага энэхүү хүндтэй шагналын эзэн болж байна. Олон Улсын Худалдааны байгууллага, Дэлхийн Банк, Европын холбоо зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагуудаас санал асуулга авсны үндсэн дээр “Capital Finance International” сэтгүүл жил бүр санхүүгийн салбарт үлгэр жишээ болж буй байгууллага, хувь хүмүүсийг сонгон шалгаруулдаг уламжлалтай юм. Энэхүү шагналыг нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, бизнесийн гол чиг шугам болон ижил төрлийн байгууллагуудад үлгэр жишээ болохуйц тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн зэрэг байдлаар нь шалгаруулж олгодог байна. Энэхүү нэр хүндтэй шагналын талаар “Монголын Ипотекийн Корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс хэлэхдээ “Монгол Улсад ипотекийн зах зээл харьцангуй шинээр хөгжиж буй ч гэлээ олон улсад ийнхүү үнэлэгдэж байна гэдэг маань нэг талаас дотоодын байгууллагуудын харилцан ойлголцол, дэмжлэгийг давхар илтгэн харуулж байна. Монгол Улсад урт удаан хугацааны иргэдэд хандсан орон сууцны зах зээл хөгжихөд гол хувь нэмрийг оруулж буй Монголбанк, арилжааны банкуудад энэ дашрамд талархал илэрхийлж байна” гэв.
Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтолцоог бий болгох үүднээс дотоод, гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны эх үүсвэр татаж, ипотекийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхээр ажиллаж буй “Монголын Ипотекийн Корпораци” нь Монгол Улсад анх удаа ипотекээр баталгаажсан бонд гаргаж байсан юм. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлсэн болон шинээр олгосон 323 тэрбум төгрөгийн зээлийг багцалсан үнэт цаасны 90 хувийг Монголбанк худалдан авч байсан бол 10 хувийг нь арилжааны банкууд худалдан авч байсан юм. Ингэснээр ипотекийн зээлийн хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж, хоёрдогч зах зээлийг үйл ажиллагаатай холбож чадсан байна. Цаашид “Монголын Ипотекийн Корпораци” жилийн найман хувийн хүүтэй хөтөлбөрийн зээлийг багцлан “МИК АКТИВ-2” компани байгуулж хоёр дахь шатны үнэт цаас гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байна. Энэ удаад “МИК АКТИВ-2” тусгай зориулалтын компанийн гаргах үнэт цаас нь ипотекийн зээлийн хүрээнд зөвхөн шинээр олгосон 420 тэрбум төгрөгийн зээлийг багцалсан гэдгээрээ онцлогтой.
Түүнчлэн “Монголын Ипотекийн Корпораци” нь гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд арилжааны есөн банкнаас 29 удаагийн худалдан авалтаар зээлийн багц авч тэдгээрийг удирдах, эрсдлийг бууруулах чиглэлээр цахим хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн АНУ-ын Хөгжлийн Агентлаг (USAID), Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Германы Сэргээн Босголт Хөгжлийн Банк (KfW), АНУ-ын Вортоны Бизнесийн сургууль зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хүрээнд “Монголын Ипотекийн Корпораци”, Монголбанк болон арилжааны банкууд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г баталж, гарын үсэг зураад байна.