Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгүүр онгоц эргэхэд нүдний нь нулимс бүрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагүй олзтой. Одоо ч харин Болороосоо холдохгүй шүү. Олсон хэдээ зөв зараад амь нэгтэй амьдарнаа хө. Ирлээ дээ, ирлээ. Ядуу Монгол би тэр харь газар хөлсний хөдөлмөр хийж халаасандаа хэдэн зоостой, тархиндаа хувийн үйлдвэрийн төсөлтэй, сэтгэлдээ хүний нүнжгээ гээсэнгүй буцаж ирлээ.
Уул ус минь, намайгаа тосч авах бий хэмээн өөрөө өөртөө баясал хөөр нэмж байв. Нүдэнд нь үхрийн өөх алагласан дөрвөн өндөр харагдахуй шүлсээ залгив. Санах эх оронтой, хүлээх ханьтай, орох байртай эр хүн шүү би чинь. Хөрөнгөтөн оронд хөл тавьж, хүний хийдгийг хийж, хөлс хүчээрээ олсон хэд гурван харийн мөнгөтэй буцаж ирлээ. Одоо боол шиг зүтгэж, хаан шиг амьдраад байдаг хэрэг дээ. Цаг хугацаа гэж хурдан юм. Гурван жилийн өмнө Буянт-Ухаагаас ханиараа үдүүлээд явж байснаа бодоход ертөнцийн сайн мууг үзэж амсаж яваад ирлээ. Энхрийхэн гэргий минь чамдаа ирлээ. Дуулмаар, инээмээр сэтгэл нь нэн баяртай. Ачаагаа хүлээж байх зуураа хэрхэн уулзахаа бодов. Yнсэх үү, тэврэх үү? Эсвэл гарыг нь атгаад, нүдийг нь ширтэх үү? яах ч үгүй, ачаагаа өгөөд нуруугаа үүрсхийгээд алхах уу? Тэгж болохгүй. Уйлчихна. Аягүй бол намайг сэтгэл нь урваж гэж бодчихно. Хачин итгэмтгий, гэгээн амьтан. Сар болгоны цалингаа яаж ийгээд явуулаад байсан болохоор овоо хэдэн юм цуглуулаа биз. Өөрөөсөө харамлаад л хурааж суухаа чадах л хүн. Сүүлийн цалингаараа авсан нөгөө үнэтэй ээмэг, бөгжөө мэндлэхдээ гарт нь атгуулж орхиё. Баярласандаа дэвхрэхээ мэдэх л хүн. Ингээд уулзнаа. Ачаагаа аваад гарах хаалга руу зүтгэв. Угтан авагсадын царай харагдлаа. Хаана зогсож байгаа бол. Эхэнд нь лав алга. Дунд нь алга. Арай харахгүй өнгөрчихөөгүй байгаа. Сүүлд нь алга. Алхаа нь удааширч эхлэв. Алгаа алга. Yүд хүртэл ачаагаа чирсээр ... инээмсэглэл нь гайхширлаар солигдов. Ачаагаа ширсээр үүд хүрээд зогслоо. Эргэж харлаа. Yнэхээр алга. Утсаар ярихад зүгээр байсан хүн чинь ганц хоногийн дотор яах нь энэ вэ? Юу болоов? Арай?! Арай үхчихсэн юм биш биз дээ. Тийм азгүй юм байхгүй байлгүй. Бурхан минь. Алгаа алга. Тамхи асаав. Гүнзгий татаж сороод хамраараа гаргав. Гэртээ хоол цайгаа бэлтгээд, халуунаар нь идэг гээд хүлээж байгаа юм биш биз дээ. Тэгж тэгж. Тэгж таарнаа. Нээрэн ч энэ хүртэл тосоод юугаа хийхэв. Ямар гэрээ олохгүй амьтан байгаа биш. Ийн бодуут татаж байгаа тамхиа хаян хөлөөрөө унтраагаад хөлсний машин хайв. Харин ч нэг хурдан олдов. Хорооллын замаар жирийж явнаа.
- Хаанаас ирээв?
- Англиас
- Удав уу?
- Удлаа удлаа. Гурван жил.
- Гэртээ хэл хүргээгүй юу.
- Хүргэсэн. Ирсэнгүй. Гэртээ хүлээж байгаагаас зайлахгүй
- Эхнэр үү? Ээж үү?
- Эхнэр, эхнэр
- Эхнэрийг ч мэдэхгүй. Ээж бол ч хүлээнээ.
- Миний эхнэр хүлээнээ
- Хүн болгон адилгүй дээ.
- Тийм, тийм адилгүй.
Иймэрхүү зүйл ярьсаар нэг мэдэхэд байрныхаа үүдэнд иржээ. Мөнгөө төлж гүйцээд хариултыг нь авсангүй. Тээшнээс нь цүнх саваа гаргаж хажуудаа тавиад цонх өөд харлаа. Жолооч хаалгаа хаагаад, сигнал дарж түүн рүү нүд ирмээд хөдлөлөө, Том өрөөний нь цонхон дээр байдаг ягаан сарнай харагдсангүй. Бас хөшиг нь ч өөрчлөгдөж. Галын өрөөний дээд жижиг салхивч л онгорхой үзэгдэнэ. За хө цахилгаан шат ажиллаж байгаа болов уу? гэж бодсоор орцондоо орлоо. Yүдний сахиул алга. Харин өрөөний нь хаалга онгорхой, цонхон дээр нь бохь, тамхи зэргийг өрсөн байх нь ойр байгаа бололтой. Азаар цахилгаан шат нь явж байнаа. Давхартаа ирж сайн амьсгаа аваад хөөрч догдолсон сэтгэлээ хүчээр дарж, тамхи асаав. Тэгснээ дор нь унтрааж хогийн сав руу хийв. Хаалгандаа дөхлөө. Нөгөө муу давхар төмөр хаалга хэвээрээ. Ахтайгаа бараг долоо хоног ноцолдож байж хийсэн төмөр сайтай бөх эд. Ханийг минь элдвээс хамгаалж чадах найдвартай хаалга гээд инээмсэглэв. Тэгээд хонхоо таних дохиогоороо дарлаа даа. Чимээ алга. Дахиад дарлаа. Гэтэл
- Хэн бэ? гэх настай эмэгтэйн үл таних дуу гарах нь тэр. Эргэлзээ түгшүүр давхцан нэрээ хэлэв.
- Яах гэсэн юм? Ямар хэрэгтэй явна гэв. Айл андуурч хаалга будилсангүйсэн гэж бодоод
- Гэрийн эзэн нь байнаа гэвэл
- Юун гэрийн эзэн. Манай гэрийн эзэн гэртээ байна гээд хөлийн чимээ цаашлав. Дахин хонх дарвал нөгөө эмэгтэй
- Сэргийлэх дуудна шүү гэж сүрдүүлэв.
- Хөөе эгчээ, Болор байхгүй юу гэвэл
- Байхгүй ээ байхгүй. Тэд өглөө Америк явчихсан. Мөддөө ирэхгүй гэх нь тэрээ.
- Та хаалгаа түр онгойлгооч. Хоёр гурван үг сольё гэвэл шагайлбараар хараад цааш одлоо. Дахин хонх дарвал томоос том биетэй лухгар эр хаалга онгойлгон үүдэнд хөндөлсөв.
- Би энэ байрны эзэн нь ухаантай юмсан гэж ээрвэл нөгөө эр
- Одоо биднийх болсон. Бид мөнгө төгрөгөөрөө худалдаж авсан хэмээн шазруун хэлээд хаалгаа хаахыг завдав. Учраа олохоо байсан тэрбээр сандарч гараараа хаалгыг нь татаад
- Алив монгол улс байна даа энэ чинь. Монгол хэлээрээ ярилцаж байгаа хойно эрх биш учир нь олдоно. Ганц хоёр зүйл асууж лавламаар санж. Yүдэнд эвгүй юм, гэвэл нөгөө эр хөлөөс толгойг нь хүртэл гүйлгэж хараад хажуудах цүнх сэлтийг үзээд нэгийг бодов бололтой цагаа харснаа
- Бид одоо юманд явах ёстой юмсан гэв.
- Юу л удав гэж дээ. Болор хэзээ, хэнтэй хаашаа явсан бол? Уг нь би энэ байрны эзэн ухаантай юмсан гэж бага зэрэг тайвширсан дуугаар асуув.
- Бид сайн мэдэхгүй. Нөхөртэйгөө явсан. Бидэнд байраа зарахдаа явтлаа нэг өрөөнд түр байна гэж тохиролцсон. Тэгээд өглөө явчихсан. Дүү гэлүү, нэг хүн ирнэ. Уулзаж чадахгүй нь гээд сүрхий сандарч байсан. Тэр нь чи болж таарах нь ээ. Өөртэй чинь уулзах хүсэл аль алинд нь байсан. Виз, билет гээд эгзэг нь таараагүй болов уу даа
- Аа, за за ойлголоо. Та нарт хэзээ байраа зарсан бэ?
- Жилийн өмнө
Тэр хоёрын яриа ийн гэнэт тасрав. Тасрахаас өөр яах билээ. Байрны шинэ эзэн
- За ийм шив дээ гээд мөрөө хавчин, амаа мушийсан нь өөр ярих зүйл алга, тиймээс та явж, бид хаалгаа цоожлоё гэсэн санааг илтгэнэ. Yгүй үнэхээр ч эдэнтэй юу ч ярих билээ
- За баяртай гээд эргэхүйд хаалга өсгийг нь шүргэн алдаад халп хийн хаагдан талп хийн цоожлогдов.
Гуравхан жилийн өмнө Барс зах дээр өглөөнөөс үдэш болтол хөлсөө шавхан зогсож нэхий ноолуур зарсны эцэст энэ байрыг худалдаж аваад шинэ байрны цайллага хийж хоёул хөөр баяр болж байсан билээ. Гэтэл байр, эхнэр, цөм үгүй болж. Ер байгаагүй мэт. Зөвхөн түүний сэтгэлд нь "байсан л юм даа" гэсэн шиг тэгэхээс тэгсэн шиг тэр үеийн явдал хөвөрнө. Ер юу юу гээч болчихов оо. Хөөр баяр, худал хуурмагт цочирдсон эргэлзээ аль алийг нь учраа олохоо болив. Уйлмаар ч юмуу нулимс гарах янзгүй. Нэг юм л цээжнээс дээш өгсөөд бөглөчих нь ээ. Орцноосоо яаж гарснаа ч мэдсэнгүй. Нөгөө цүнх савныхаа хүнд хөнгөнийг ч ялгахаа байж. Одоо хайчих билээ? Хаа очих билээ? Юу ч гэсэн буудал хайя! Төрсөн нутагтаа, гэр орондоо, эхнэртээ яарч ирсэн бус бүүр танихгүй газар яваа мэт. Бараг Англид байсан бол энэнээс арай танил мэт. Ийм амархан хүмүүс хувирах гэж. Нөгөө муу Улаанбаатар маань хэвээрээ байхсанж. Хүмүүс л их өөр болж дээ гэсэн шүү юм бодож хажуугаар өнгөрөх машинд гар өргөлөө. “Грандо" хэмээх шинэ буудлын үүдэнд тулж зогссон машины жолоочид мөнгөө төлөөд дотогш оров. Yүдний охин ардаас нь хэн нэгэн ирэх мэт хүлээж зогссоноо гайхсан янзтай өөдөөс харав. Согтуу ч юм шиг надаас айв бололтой.
- Өрөө бий юу гэвэл
- Манайх гадаадынханд л үйлчилдэг гэв.
- Гадаад дотоод гэж заавал ялгаварлах нь ямар учиртай юм бол?
- Yгүй юу л даа. Манайх валютаар л тооцоо хийдэг. Бусад буудлаас илүү үнэтэй.
- Өдрийн хэд вэ?
- 60 доллар. Энэ нь энгийн ерөө л дөө.
- Тэгвэл тэрийг нь төлөөд орж болохгүй юу? гэхэд
- Болно л доо. Тэгэхдээ манай буудал урьдчилж мөнгөө төлдөг гээд бүлтгэр нүдээрээ ширтэв. Түрийвчээ уудалж 100 доллар сугалан өмнө нь тавив. Yйлчлэгч охин
- Yнэмлэх бичгээ гэв?
- Паспорт болно биз дээ!
- Аа болно Ийн тооцоо хийгээд зааж өгсөн өрөөнд орлоо. Оруут өрөөгөө дотроос нь түгжиж тамхи асаан ширээний хажуудах буйданд суулаа.
Маш их биеэ барьж байсан ч гар чичирч байгааг сая л мэдрэв. Цүнхээ уудалж, гараа явуултал том шилтэй архи таарав. Харсан ч үгүй суга татан гаргаад ширээн дээрхи шилэн аяганд тэхий голоос нь өнгөртөл хийж ганц амьсгаагаар хөнтөрч орхив. Архи бус хүйтэн ус залгилсан аятай. Дахин түрүүчийнхээсээ илүү хийж залгилаад тамхиа гүнзгий сорлоо. Ходоодноос үл мэдэг халуу оргисноо тамхины утаанд доошлов. Ийн жаал суутал ходоод халуу оргин, улмаар уусан толгойд орж эхлэв бололтой. Юу юугүй нүдний нулимс сад тавилаа. Хоёр хацрыг даган халуун нулимс урсаж ам руу орно. Бүүр эхэр татаж уйлав. Дахин архинаасаа хийж залгилбал өлөн байсан болоод ч тэр үү, хэт хямарснаас ч болов уу, согтож эхэллээ.
- Болор оо! Чи чинь одоо юу хийж орхив оо? Даанч даанч дээ. Харийн хүмүүст зарагдаж, өглөө шөнө ялгалгүй төмрийн хог буталж, аж амьдралаа гэж явахад ийм юм хийчихсэн, тэгээд өөрөө алга болчихдог. Намайг яаж байгаа нь энэ вэ? Нэгнийгээ даанч дээ гэсээр эхэр татан нус нулимсандаа хахаж цацав. Олсон хэдийгээ чамд явуулаад л байсан, явуулаад л ... Даан ч дээ. Дахин уутал шилтэй архи дуусчээ. Гараа цүнх руу явууллаа. Пагдгар шилтэй буудайны архи суга татан гаргаад бөглөөг нь мулт эргүүлж аяганд сарр, сүрр хийлгэн гадуур нь асгаж цутган дүүргэв. Тэгээд цааш юу болсныг мэдсэнгүй. Сэрвэл шалан дээр түрүүлгээ хараад хувцастайгаа хэвтэж байлаа. Толгой ангалзаж, ам цангав. Хэдэн цаг болж байгааг мэдэх ч юм алга. Арайхийн өндийж ширээн дээрхээсээ аягалан залгилаад тамхиа асаав. Өрөөний гэрэл асаалттай, хөшигний цаана харанхуй нөмөрчээ. Нүд түрүүнийхээ бодвол арай сэргэв. Цагаа харвал 3 цаг 28 минут болж байв. Гэдэс өлсөж ч байх шиг. Аргагүй дээ! Ирэхийнхээ орой сэтгэл хөдлөөд юм гавьтай идээгүй, Ирээд Болороогийн гарын хоол цай идэж тухлана гэтэл тийм юм болсон хойно. Өдийд надад олддог хоол гэж хаана байхав, архинаасаа балгадаг хэрэг гээд дахин архинаас хийж уулаа. Гэнэт эв эрүүл ухаан нь сав саруул болов.
Одоо дахиж ууж болохгүй. Гуниг, баярыг архиар тайлдаггүй дом байдаг гэж буурай маань хэлдэг ортой үг. Яаж ч дордлоо архинд автаж болохгүй. Маргаашнаас яаж амьдарах вэ? Хаана очих вэ гээд бодох шийдэх юм их байнаа гээд хувцасаа тайчиж сайхан усанд ордог хэрэг. Юуны төлөө энэ үнэтэй буудалд буулаа. Аягүйтвэл маргаашнаас усанд ордог ч өнгөрөхийг байг гэх газаргүй. Долоо дордож найм сэхнээ хө хэмээн өөрийгөө зоригжуулж өндийв. Шүршүүрт баахан зогсож, хамаг биеэ угааж, онгоцонд халуун ус хийж шилтэй архинаасаа аяганд багахан хийж ус руу оров. Түүнээсээ бага зэрэг шимэн нүдээ аньжээ, хөдөө тал, цэцэгт нуга, тэнгэр уулсаа саналаа. Дээр хөхрөгч тэнгэр, доор ногоорогч газар дэлхий минь! гээд ерөөсөө ингээд л үхчих юмсан гэж бодлоо. Тэгснээ ад мөрийн бодол хэмээн үргээж, дөнгөж 28-хан настай би үхэж болохгүй. Yхвэл надаар хэн ч дутахгүй. Тэгэхдээ дутах, дутахгүйдээ ч гол нь биш. Yхэх цаг ирээгүй бол үйлээ дагаад амьдрах л болно гэж бодтол Болор нүдэнд үзэгдэв. Хамар дээгүүр нь хөлс бурзайгаад, гал түлж сууна. Яагаад ч юм түүнд өширч, үзэн ядаж огт чадахгүй байв. Тэр тийм юм хийх, арилсан дотортой хун биш. Итгэмтгий, зөөлөн занг нь хэн нэгэн ашигласан хэрэг. Сэтгэл нь надаас урвасан байхыг үгүйсгэхгүй. Мөнгө төгрөгөнд тэгтлээ шунах сэтгэл түүнд хэрхэвч байхгүй дээ. Харин тэр нөхцсөн хүн нь л адгийн амьтан байхаас зайлахгүй. Гэтэл тийм юмыг дагаад Америк явж байдаг гэж бодтол гэнэт айдас төрөв. Нэг мэдэхэд уснаас гарчихсан харайж явав. Түүнд өөрөөс нь илүү Болорын хувь заяа түгшүүр айдастай санагдаад үймрэв. Yгүй яаж тэнэгтэхээрээ ингэдэг байнаа. Энэ учир утгагүй мөнгөний төлөө хүмүүсийн сэтгэлийг үймүүлсэн үл үзэгдэгч ад мөрийн шунал уу? Нэгийг нөгөөгөөр нь бариулж, нөгөөг өөрөөр залгиулж, эргэн тойронд шуналын хар утаан хөшиг татуулснаас өөр юу ч үгүй мэт. Саяхан гайхалтай тайван аж төрж байсан хүмүүс өнөөдөр бие биенээ хуурч, мэхэлж хүн чанараа гээж эхэллээ. Монголчуудын итгэмтгий гүдэсхэн зан аймаар шунал, авах, булаахын донд уусч эхэллээ. Болор минь, тэр алс холын Америкт юу гээчийг үзэхээр явах нь энэ үү. Азаар муу юм үзэлгүй шиг өнгөрч гэмээнэ насан туршдаа өөрийгөө яллах, шаналал зэмлэлийг сэтгэлдээ тээж явах болбол яана. Чи өнөөдөр л болбол бусдыг мартаж чадах тийм бөх сэтгэлтэй хүн биш гэдгийг би мэднэ. Энэ хар шунал, энэ хар мөнгө үү? Өглөө болжээ. Яагаад ч юм өнгө зүсээ сэргээж, сайхан хувцас өмсмөөр. Тэгээд гудамжаар алхамаар. Сэтгэл бүүдгэр, үймээнтэй ч биеэ засч өөрийгөө тайвшруулахгүй л бол тэр чигээрээ харанхуй руу орчих юм шиг санагдав. Толинд зүсээ харав. Нүд бага зэрэг хавдсанаас өөр гажуу зүйл алга. Сахлаа хусч, үсээ самнан тос түрхээд цүнхээ уудалж өөртөө зориулж авсан өмд, цамцны хослол, шинэ шаахай, өмсөж нүдний шил зүүв. Сайхнаас сайхан залуу харагдав. За ингээд алхаад байдаг хэрэг. Би гэдэг хүн амьд байнаа. Өглөө болжээ. Өчигдрийн юмс өчигдрийн л юмс. Ингэж бодох нь хэрэг дээрээ хэцүү. Хэрэв үүнийг чадвал дараачийн хэцүүг давна. Гунигтай ч алхсаар л. Ай Болороо минь! гэж уртаар санаа алдав. Уйлмаар л. Уйлавч юу ч үл хувирна. Өглөө болдогоороо л болов, Юу ч болоогүй мэт нар тусдагаараа л тусав. Тусах тусахдаа сайн муу, сайхан муухай, дээд доод гэж ялгалгүй бүгдийг гийгүүлэв.