Жил бүр нөгөө л нэг ресторанд сууж тэмдэглэхээ энэ жилээс өөрчлөх ийм санаанууд байна шүү. Бүтэн жил хүлээдэг баярын өдрөө бүх найзууд чинь дараа нь магтаж ярихаар сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай байлгахын тулд аль нэгийг нь хэрэгжүүлээрэй.
Ээжийгээ баярлуулах
Ихэнх нь хүмүүс өөрсдийгөө баярлуулаад тухайн өдрийн гол хүндэт хүн болох ээжийгээ орхичихдог. Энэ хорвоод төрүүлээд ч зогсохгүй, жил бүрийн чинь төрсөн өдрөөр бэлэг хүртэл авч өгөх гэж хайдаг хөөрхөн ээждээ гэнэтийн бэлэг бариарай.
Жирийн бус оройн хоол
Энэтхэг, мексик, вьетнам гээд огт идэж үзээгүй төрлийн хоолтой газрыг сонгоорой. Тэгээд ирэх зочиддоо тухайн үндэстний хувцаслалтыг дуурайж ирэх даалгавар өгч болно.
Аялалын төлөвлөгөө
Боломжтой бол төрсөн өдөртэйгөө ойрхон амралтын өдрийг дайруулж аяллын төлөвлөгөө гаргаарай. Ойрхон эсвэл хол, улс дамжсан 2 шөнө, 3 өдрийн аялал байсан ч болно. Хамгийн чухал нь олон жилийн дараа дурсагдах, нэгэн насны босгон дээрх адал явдалт дурсамж.
Төрсөн өдрөөрөө хийх нэг зоригтой алхам
Аялаж амждаггүй юм аа гэхэд, хийж үзэхийг маш их хүсдэг ч зориг хүрдэггүй, амжихгүй байсан зүйлээ төрсөн өдрөөрөө заавал хийгээрэй. Тэр өдөр чамд дурсамжаас өөр юу үлдээхийг хэн ч таашгүй. Халимаг үс засалт хийлгэх, удаан уулзаагүй найзтайгаа тусгайлан уулзах, TOEFL-д бүртгүүлэх, ажлын анкет өгөх гээд юу ч байж болно.
Үгүй ээ, өнөөдөр би 3 хүрч байгаа
Хэрвээ чамд зураг бичлэг байдаг бол нэг насны, гурван насны үеийнхээ төрсөн өдөртэй яг адилхан тэмдэглэ. Өрөөний чимэглэл, зочдын хувцас, үс засалт, баярын ширээ гээд бүгд яг л 20 жилийн өмнөх шиг.
”Dress Code” тогтоо
Төрсөн өдрийн зочдод өмсөж ирэх хувцасны өнгийг нь зааж өгнө. Бүгд заасны дагуу улаан өнгийн хувцастай ирэхэд чи ганцаараа индранилын хөх өнгийн даашинзаар онцгойрч болно. Эсвэл бүгд хар өнгийн хувцастай бол чи час улаан өнгөөр гангарч болно.
Бэлэг таах тоглоом
Хэрвээ чи найзынхаа төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулж байгаа бол энэ аргыг хэрэглээрэй. Найзыгаа нүдээ түр анихыг хүсээд тэр үед бүх зочдын бэлгийг ширээн дээр өрж тавина. Дараа нь төрсөн өдрийн эзэн бэлгийг хараад хэн өгснийг таана. Дүрэм энгийн. Тааж чадсан бэлгээ авч чадна. Тааж чадаагүй бол бэлгийг авчирсан хүн буцаан авна. Бэлэг таахыг хичээж байгаа төрсөн өдрийн эзнийг харах сонирхолтой шүү. Гэхдээ тоглоом дуусахад бүх бэлгийг төрсөн өдрийн эзэнд өгөхөө мартуузай.
Хатан хааныг инээлгэе
Титэм өмссөн төрсөн өдрийн эзэн ширээний голд сууна. Харин эрхэмсэг хатан хааныг инээлгэж чадсан тэр хүн хатнаас онцгой бэлгийг хүлээн авах болно. Үнсэлт, баатар цол, хааны титэм юу ч байж болно.