
Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас нүүрсний үнийн талаар тодруулсан юм.
-Уул уурхайн салбарын статистик мэдээллээс харахад өнгөрсөн оны тавдугаар сарын дүнтэй харьцуулахад зэсийн баяжмал, нүүрс өссөн харагдаж байна. Гэхдээ нүүрсний компаниуд сул зогсолт хийж, ажилчдаа цомхотгосон байдал үргэлжилсээр байна?
-Аливаа уул уурхайн компаниас гадна байгууллагууд цалингаа нүүрсээр тавихгүй. Нүүрсээр борлуулж байж цалингаа тавина. Нүүрсний үнэ хоёр дахин унасан энэ үед импорт 15 хувиар өссөн дүнтэй гарч байгаа ч нийт орлого буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт орлого зардлаа нөхөн хэмжээнд очиж чадахгүй байгаа. Манай улсын хувьд тээврийн зардал маш өндөр хувьтай байдаг. Биет хэмжээ өсч байгаа хэдий ч дэлхийн зах зээлд үнэ унасан хэвээр байна. Цомхотгол уул уурхайн салбарт төдийгүй бусад салбарт ч хийгдэж байгаа. "Рио-Тинто" нэг, "Сийменс" хоёр тэрбум ам.долларын хэмнэлт хийхийн тулд ажилчдаа ч цомхотгож зардлаа хэмнэх болсон талаараа дэлхий нийтэд мэдээлж байна шүү дээ. Хамгийн гол зүйл нь үйлдвэрлэл учраас үүнээс өөр аргагүй байдалд хүрч байгаа. Цаашид зардлаа аль болох бууруулж, ажлын байраа авч үлдэхийн тулд өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Зах зээлд эзлэх хувь хэмжээ баталгаатай байснаар цаашид нүүрсний үнэ буурсан ч гэсэн иймэрхүү аюулаас гарч чадах юм.
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэд ямар өөрчлөлт орох бол. Нааштай хандлага байгаа юу?
-Одоо бол үнийн хувьд сэргэх боломж байхгүй гэж шинжээчид, эдийн засаг судлаачид үзэж байгаа. Учир нь дэлхий даяар эрчим хүчний үйлдвэрлэл дэх нүүрс ашиглах нь буурч байгаа. Гэр ахуйн зориулалтын болон электрон хэрэгслүүд эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэгдэж байгаа нь үүнд нөлөөлж байна.
Австрали, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн. Дэлхий даяар сүүлийн жилүүдэд тохиож буй ган, зуд, үер гэхчлэн байгалийн гамшиг нүүрснээс ялгарч буй хорт бодисын нөлөөнөөс шалтгаалж байгаа учраас улс орнууд ийм алхам хийж эхэлсэн. 2011 онд Австралид улсад үер болсноос шалтгаалж дэлхийн нүүрсний зах зээлд хомсдол үүссэн. Үүнээс шалтгаалж экспорт, үнэ аль аль нь өссөн шүү дээ. Одоо бол дахиад ийм зүйл болохгүй л болов уу.
-Коксжих нүүрсний тухайд?
-Бид коксжих нүүрсэндээ л найдлага тавих ёстой. БНХАУ-д хотжих шаардлагатай маш олон тосгон байгаа учраас металургийн үйлдвэрлэл буурахгүй байх. Коксжих нүүрсний зах зээл хэвийн байгаа. Үнийн хувьд ч бага зэрэг өсөлттэй байна.
