Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2021.06.05 13:45
3554
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөнө

Нийслэлийн хэмжээнд 2014-2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны нийт 57 барилгын ашиглалтыг хориглосноос Баянгол дүүрэгт 2015-2021 онд 37 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарч, 17 багцын 15 барилгад төсөл хэрэгжүүлжээ.  Энэ хүрээнд 24 айлын 3 орон сууцыг буулган 246 айлын 3 орон сууц ашиглалтад оруулж, энэ жил нэмж 3 байршилд сонгон шалгаруулалт зарлаад байна.

Тэгвэл дүүргийн хоёрдугаар хороон дахь Баруун дөрвөн замын баруун талд байрлах 6 байр, 20 дугаар хороо Номин агуулах худалдааны төвийн урд нийт 7 байрны төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 12 удаа зарласан боловч нэг ч төсөл хэрэгжүүлэгч санал ирүүлээгүй аж. Иймд гүйцэтгэгч байгууллагуудын тус төсөлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх эдийн засаг болоод бусад хэлбэрийн дэмжлэг, хөшүүрэг шаардлагатай байгаа гэв.  

Харин дөрөвдүгээр хороон дахь Давхрын-1-12 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Нутгийн буян групп” ХХК, “Тэргүүн чансаа” ХХК – ууд шалгарч нийт 150 ойлын орон сууцыг буулган, нийт 390 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах болон барилга гүйцэтгэлийн ажлууд тус тус 80 хувьтай үргэлжилж  байна.