Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төр
2021.06.14 12:50
6543
Номын баяраар амраад байвал хэн ажил хийж, улс орноо өөд нь татах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Тодруулбал, тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд бүх нийтээр амардаг болох хуулийн өөрчлөлт юм. 

2021 онд л гэхэд бүх нийтээр амрах өдөр 15 тохиож байна. Үүн дээр сонгуульт жил учраас ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн амралтын өдрүүд энэ жил нэмэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр Коронавирусийн улмаас таван ч удаагийн урт хөл хорио тогтоосон. Ийнхүү амралт нь дэндэж, ажил хийх хүн олдохгүй нөхцөлд дахиад номын баяр гэх амралтын өдөр нэмэгдэж ч магадгүй нь. Энэхүү хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх юм.  

Улс төрчдөд ард иргэдээ ядуу байлгах сонирхол бий гэх үг энгийн ч нэг үг биш бололтой. Ажилгүй, орлогогүй иргэд төрийн халамж хүртэж, өнөө маргаашаа аргацаахаас бусад зүйл анзаахарыг болино.

Ийнхүү номын баяр гээд баярлаад, амраад байвал хэн ажил хийж, улс орноо өөд нь татах вэ. Гишүүд ч яахав цалингаас өөр орлоготой юм байгааз. Цалингаараа амьдардаг иргэд нь ажил хийж, амьдармаар байна.