m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.06.14 21:45
37370
С.ОДОНТУЯА: МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ "КОВИД" ТУСЧЭЭ

Хүн бүрт мэдэгдэж, мэдрэгдэж байгаа зүйл бол Монголын эдийн засаг эрүүл мэндээ алдаж, туйлын хүнд өвчтэй байна. Ирэх гурван жилд сайжралыг олохгүй нь тодорхой боллоо. 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990-ээд оны эдийн засгийн гүн хямралаас хойш анх удаа 2020 онд Монгол улсын эдийн засаг 5.3 хувь хүртэл агшив. Энэ хямралыг дотоодын нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор ажлын байраа цомхтгож, тухайн салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт буурав. 

Харин ажлын байрны 80 шахам хувийг бий болгодог жижиг, дунд үйлдвэрүүдийн эзэд хямралаас шалтгаалан хаалгаа барьж, ажилтнуудаа халахын зэрэгцээ өөрсдөө ч ажил орлогогүй болж өр, зээлийн дарамтад оржээ. Бүхэлдээ ажилгүйдэл өссөнөөс, орлогогүй иргэд ядуурлын түвшин рүү унаж байна. Макро түвшинд баялаг бүтээгч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хямарснаас улсын төсвийн татварын орлого буурлаа. Эрүүл мэнд, боловсрол, төрийн алба татварын орлогоор л санхүүждэг тул дагаад үйл ажиллагаанд нь хүндрэл учирч байна. 2020 онд улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсны шалтгаан нь энэ. Түүхэндээ монгол улсын төсвийн алдагдал ийм өндөр дүнтэй гарсан удаа өөр байхгүй. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурч, Улсын өр /Төв банкны гадаад өглөгийг оруулснаар ДНБ 92.4 хувь болж өсчээ. Хүнсний бүтээгдэхүүний инфляц өссөөр 8.5 хувьд хүрээд байгааг Азийн Хөгжлийн банк анхаарууллаа. Инфляцаас шалтгаалан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газар яаралтай хариу арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлага үүсжээ. 

Товчхон дүгнэвэл Монгол улсын эдийн засаг бодит утгаараа “сэхээний тасаг”-т хүргэгджээ. Хүн амын 30 хувийг эзэлж байгаа ядуу иргэдийн амьдрал эдийн засгийн хүндрэлийг дагаад тун хүндхэн байна. Том, жижиг гэлтгүй аж ахуй нэгжүүд санхүүгийн нэн хүндрэлтэй байдалд орсон.  

Эрх баригчдын сүр дуулиантайгаар зарласан гоё нэртэй хөтөлбөрүүд, зээлүүд тооцоо судалгаагүй, хэрэгжих чадваргүй нь тодорхой болж хөөргөн бодлогынх нь золиос нь Монголын эдийн засаг, баялаг бүтээгчид, аж ахуй нэгжүүд болж хэлмэгдэн хоцров. Ковид туссан улс төрийн шинж тэмдэг нь доройтсон, сэхээнд хүргэгдсэн эдийн засаг болж байх шив.

Монгол улсын ковидын эсрэг хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн мөнгөн дүн болон үр дүнг Та хэрхэн дүгнэж байна вэ? 

Өнгөрсөн жил өмнөх засгийн газар Ковидын цар тахлаас “Эрүүл мэнд, эдийн засгаа аварна” гэх уриан дор 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Их наядаар хэмжигдэх татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын оролцоогүйгээр Засгийн газрын тэргүүн мэдээд зарцуулах боломжийг МАН-ын бүлэг олонхоороо хүч түрэн хууль болгон баталсан юм. “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль гэх хууль нь асар их мөнгөн урсгалыг хяналтгүйгээр зарцуулах эрхийг Засгийн газарт нээж өгсөн билээ. 

Харамсалтай үр дүн гарч байгаа нь халдвар авагчдын тоо өдөрт 2000-аас илүүгээр бүртгэгдэж, нас барагчдын тоо өдөрт 10-аас буухгүй шахам байна. Энэ хоёр тоо л гэхэд 5,1 их наядын хөтөлбөр үндсэн зорилгоо биелүүлж чадсангүй гэж дүгнэхэд хангалттай үндэслэл юм.

Гадаадаас хэр хэмжээний санхүүжилт татсан юм бол?

Хангалттай. 21 аймгийг Улаанбаатар хоттой холбосон замыг санхүүжүүлсэн Чингис бондтой тэнцүү шахуу мөнгийг гадаадаас авчээ. 1.8 их наяд төгрөгийн  гаднын зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай. 

Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл, тусламж авахаар гэрээ байгуулжээ. Үүний 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авахаар тохирсон юм. 

Гадаадын зээл тусламжийг юунд хэрхэн зарцуулсан талаарх тайланг өнөөдрийг хүртэл хэн ч гаргасангүй. Цар тахлын байдал зээл авахын өмнөх үеэсээ хэдэн зуу дахин дордсон байгаагаар бол мөнгийг цар тахлын эсрэг зарцуулсан эсэхэд эргэлзмээр!

Зээл тусламжийн мөнгийг Ковидын эсрэг зарцуулаагүй гэж хэлэх гээд байна уу?

Шинжлэх ухаанд суурилсан бус улс төрийн оноо авах зорилготой элдэв төлөвлөгөө, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь дорвитой үр дүнд авчирсангүй. Сонгуульд ялах л зорилготой ажиллаж байснаас цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх эдгээхэд огт анхаараагүй мэт л үр дүн гарлаа хэлж болно.

Хүүхдийн мөнгийг сар бүр 100 мянган төгрөг болгон өсгөж, зээлгүй тэтгэврийнхэнд сая төгрөг амлав. Өрх бүрийн байр, цахилгаан дулаан, усны төлбөрийг Эрдэнэт УҮГ-аар даалгав. Иргэн бүрт тараасан 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн иргэдэд олгосон 50 мянган төгрөг, малчдад бэлнээр тараасан 100 мянган төгрөг бүгд ганцхан үр дагавар авчирсан нь МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан явдал юм. 

Ковидтой тэмцэх үндсэн зорилготой гэх мөртөө нэг ч эмнэлэг босгосонгүй. Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж болох ECMO аппарат ч аваагүй юм билээ. Аймгуудад PCR шинжилгээний аппарат аваагүй байсан нь саяхан ил болсон. 

Улсын төсөвт сууснаар 300 ортой нэгдсэн эмнэлгийн төсөв 17 тэрбум төгрөг байдаг. Хэрвээ аймаг бүрд нэг, нийслэлд 10 эмнэлэг барьсан бол өртөг нь 527 тэрбум төгрөг л болно. Уушги орлуулах аппарат ЕСМО дундаж үнэ нь 125 мянган ам.доллар. 100 ширхгийг авахад 37 тэрбум төгрөг. Хамгийн үр дүнтэй Pfizer вакцин 4 сая тун авахад 240 тэрбум төгрөг буюу нийтдээ 800 орчим тэрбум төгрөгт багтаж байна. Гэтэл асар их мөнгийг туйлын гамгүй, үр дүнгүй зарцуулжээ.

5,1 их наяд төгрөгөөс 1 наядыг л оновчтой зарцуулсан бол монголчууд бид өнөөдөр хэвийн амьдралдаа орчихсон, найр наадмаа яриад сууж байх байлаа. Гэвч 5 их наяд төгрөгийн хөтөлбөрт Ковидын эсрэг амин чухал арга хэмжээ огт багтсангүй. Иргэдэд мөнгө өгснөөр асуудал шийдэгдсэнгүй. Шийдэх асуудлынхаа эрэмбийг, ач холбогдлыг буруугаар тавьдаг, үндсэн асуудлаа шийдэх бус өөрсдөдөө хожоо гаргах маягаар ажиллах үед ямар ч үр дүн гардаггүйг ажил хийж сурсан хүмүүс мэднэ дээ. 

Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар бас л аварга том мөнгөн дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгаа аврах зорилт дэвшүүлсэн билүү?

Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдмагцаа өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн ковидын эсрэг хөтөлбөр гэгчийг нэг дахин нугалах дүнтэй, Эрүүл мэндээ аварч, эдийн засгаа өсгөх төлөвлөгөөг хэдхэн хоногийн дотор боловсруулж нийтэд танилцуулав. 10 их наядын хөтөлбөр гэх сүржигнэл нь Монгол банкны бололцоо, боломжийг хуу хамаад үрэхээс өөр шидгүй нь одооноос харагдаж байна. Тухайлбал, залуучуудыг ажил хийж сургахад 500 тэрбум, малчдад 500 тэрбум, тариаланчдад 500 тэрбум, аж ахуй нэгжүүдэд 3 хувийн хүүтэй зээлийг олгох 3 их наяд… гээд үргэлжилнэ. 

Нэг л өөрчлөлт байгаа нь мөнгөн дүн нь тэрбум гэхгүй шууд төдөн их наяд гээд огцом өсөж байгааг анзаарав уу. Нөхцөл байдлаа зөв үнэлж, шинжлэх ухаанд тулгуурласан шийдвэр, төлөвлөгөө гаргахгүйгээр хэчнээн их мөнгө зарцуулаад ч үр дүн гарахгүй. Халдвар авсан иргэд, нас барж байгаа иргэдийнхээ тоог харчхаад нотолгоо бэлэн байх.
Манай улсын үйлдвэрлэж, экспортолсон бараа бүтээгдэхүүнүүд өмнөх жилээс илт багассан байхад эсрэгээр зах зээл рүү их хэмжээний мөнгийг нийлүүлжээ. 2021 оны 4 сарын мөнгөний нийлүүлэлт гэхэд 26.6 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл яг нэг жилийн өмнө манай санхүүгийн зах зээлд 20.2 их наяд төгрөг эргэлдэж байв. Ганц жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляцыг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан юм. Оны эхэнд 2 хувь байсан инфляц одоо 6 хувьд хүрсэн нь үр дүн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Инфляц өсөх нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд маш муу үзүүлэлт. Нэг жишээ гэхэд 2016 оны 5 сард үхрийн ястай мах нэг кг нь 8590 байсан бол энэ оны 5 сард 14289 төгрөг, хонины цул мах нэг кг нь 7771 төгрөг байсан бол 12125 төгрөг болж 56-66 хувиар үнэ нь өсчээ. Эдгээр тоог нийслэлийн статистикийн газрын сайтаас харж болно. 

Хүний наад захын хэрэгцээт ганц барааны хувьд ийм үнийн өсөлт харагдаж байхад бусад барааг нэгтгэн судалбал хүмүүсийн амьжиргаа хэрхэн доройтсоныг мэдэж болно. Гэтэл энэ хугацаанд хүмүүсийн цалин ядаж 50 хувиар өссөн үү?  Монгол улсын иргэдийн дийлэнх нь халамж авдаг болсон талаар шуугдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Дэлхийн чинээлэг орнууд шиг иргэн бүрдээ халамж тараах хэмжээний баян орон бол Монгол биш. 2016 онд халамжид улсын төсвөөс нийт 999 мянган иргэнд 543.2 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2020 онд нийт 2 сая 313 мянган иргэнд 1.6 их наяд төгрөг, 2021 онд 2 сая 655 мянган иргэнд 1.6 их наяд төгрөг төсөвлөжээ. Нэмээд төрийн өмчит компаниудын орлогоос авах эсвэл олон улсын арбитрын маргааны барьцаанд байгаа их наядаар хэмжигдэх мөнгийг дур мэдэн авч нийт иргэдэд тараалаа. 

Эрх баригчид иргэддээ, ард түмэндээ хайртайдаа хамаг байдгаа гөвөөд байгаа юм биш. Зөвхөн сонгуульд ялж, эрх мэдэлд хүрэх, хяналтгүй засаглаж, төсвөөс хулгай хийх мэтийн бяцхан сонирхолд хөтлөгдөж байгаа болов уу. Сонгуулийн дараа улс орны эдийн засаг хямрах эсэх нь эрх баригчдад огтхон сонин биш бололтой. Халамжийг хавтгайруулан тарааж хөгжсөн улс дэлхий дээр ганц ч байхгүй. Экспортоос асар их орлого олж, халамж дэмжлэг шаардлагатай эмзэг бүлгийнхэндээ өгдөг хөгжсөн улс бол олон бий. 

Манай улсын гадаад өр талийсан гэж ярих боллоо.

Үнэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулиар МАН нэг хүнд 12 сая төгрөг ногдож байна. Нас барсан хөгшид ар гэртээ 13 сая төгрөгийн өр үлдээж байна. Дөнгөж төрсөн хүүхэд 13 сая төгрөгийн өр гэртээ авчирлаа гэх бохир сурталчилгаа явуулж байсан. Тэр хэмжүүрээр нь авч үзвэл өнөөдөр манай иргэн бүр 29 сая төгрөгийн өртэй болсон байгааг ҮСХ болон Монгол банкны сайтаас харж болно.  Энэ бол Монгол улсын нийт өрийн хэмжээ. Харин Монгол улсын Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны 2 дугаар улирлаас хойш 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Их  наяд төгрөгөөр бүхэл бүтэн 330 сум шинээр барьчих тооцоог нэг эдийн засагч хийж байсныг санаж байна. Гэтэл ийм хэмжээний мөнгө хаачсан, юу хийсэн нь тодорхойгүйгээр зээлэгдэж, төлөх үүрэг нь иргэдийн нуруун дээр буухаар хүлээгдэж байна даа. Ам ажлын зөрүү хэр их байгааг эндээс ойлгочхож болно.