Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төр
2021.06.16 10:58
2841
Баяр наадмыг эртхэн цуцалж, иргэдээ, эрүүл мэндийн салбараа аварна уу Л.Оюун-Эрдэнэ сайдаа !

 Сайн дурын PCR шинжилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс төлбөртэй авах шийдвэр гарсан. НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа “Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна” гэж мэдээлсэн. Ийнхүү өчигдрөөс эхлэн дүүргийн шинжилгээ авах цэгийн ПСР шинжилгээний төлбөр 90 мянган төгрөг болж, түргэвчилсэн оношлуур эмийн сангуудаар 21-25 мянган төгрөгөөр борлуулагдаж эхэллээ. Таван удаагийн урт хөл хорионд хөлөө тушуулсан иргэд нь 90 мянгаар шинжилгээ өгөх байтугай өдрийн хоолны мөнгөө яая гэсэн иргэд олон. Иргэд байтугай эмчлүүлж байгаа УИХ-ын гишүүн нь 200 мянган төгрөгийн вирусын эсрэг эм үнэтэй  байна гэж дуугарч байхад 90 мянгын шинжилгээг иргэд нь төлж дийлэх үү. Зөвхөн ойрын хавьтал, сэжигтэй тохиолдолд шинжилгээг үнэ төлбөргүй авна гэж байгаа ч өдөр 12 цаг хүртэл хийх шинжилгээний сорьцын тоо хүрэхгүй, ойрын хавьтал болж, сэжигтэй байгаад ч шинжилгээ өгч чадахгүй байна. Зомбитой уран зөгнөлт кино бодит биеллээ олж, шинжилгээний цэг доторх иргэд гаднах иргэдээ оруулахгүй, сэжиглэх үйлдэл манайд тохиолдож байна.

О.Балжинням аварга эмчлүүлж байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Балжинням ковид-19-ийн улмаас эмчлүүлж байна. Бөхийн бэлтгэлд орж, тамирчдаа бэлдэж байгаад өвчилж, эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ийнхүү  олон аймаг, сумдын тэгш ой тохиож байгаагаас наадам тэмдэглэх үгүй асуудал энэ сарын сүүлээр яригдана гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.  Гэвч өдөрт бүртгэгдэх тохиолдол 2000-аас буурахгүй болж, нас баралтаар Азидаа тэргүүлж байгаа, цагт ийм хариуцлагагүй зүйл яриад зогсох эрх УИХ-ын гишүүдэд бий юу.

Энх цагт хэдэн ч наадам, түүнээс ч олон ой баяр  үзнэ. Гэвч баяр наадам алгасдаггүй, иргэдээ хөхүүлэн дэмжээд, халдварт өвчинг тараах шийдвэр гаргаж байгаад хэн хариуцлага хүлээх вэ. Өнгөрсөн хугацаанд халдварт өвчний улмаас алтан амиа алдсан иргэдийн амийг хэнээс нэхэх вэ. Иргэд нь өвчилсөн ч оношлуулах мөнгөгүйн улмаас амьдралын төлөө  зээлээ төлөхөөр ажилласаар байна. Гэтэл 10 тэрбум төгрөгөөр наадам тэмдэглэх шийдвэр гаргаж байхаар эртхэн цуцалж, эрүүл мэндийн салбараа аврах, иргэдээ эрүүлжүүлэх үйлдэлд анхаарна уу Л.Оюун-Эрдэнэ сайдаа.