Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.06.17 17:02
7333
УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ЗОРИУЛСАН БҮХ ЦЭРГИЙН ПАРАД БОЛНО

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангарагаа өргөх бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн шинэчлэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн боловсруулахдаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангарга өргөх ёслолын дараа буцаан байранд нь зална.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгажээ.

Түүнчлэн шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулах ажээ.

Жагсаал зохион байгуулахад шаардлагатай төсвийн талаар албан мэдээлэл байхгүй ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт "Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн" байна.

Мөн Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гаргасан мэдээллээр бол Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэсэн байна. Тодруулбал;

  • Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,
  • ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,
  • Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,
  • Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,
  • Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,
  • Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,
  • Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,
  • Цагдаагийн ерөнхий газраас гурав,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,
  • Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох ажээ. 

Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм.

ШИНЭ ЖУРАМ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн боловсруулахдаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангарга өргөх ёслолын дараа буцаан байранд нь залах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгажээ.

Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгасан байна.