Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.06.20 18:43
1558
Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар зарлигийг үндэслэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-т Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардуулах ёслолын ажиллагаа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын генерал, офицер, ахлагч, ахмадууд та бүхэндээ орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17  жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.Онцгой байдлын албаныхан маань ойн баярын энэ л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн цэргийн байгууллагын сүлд хийморь болсон, цэргийн алба хаагчдын сүслэн дээдэлдэг шүтээн БАЙЛДААНЫ тугийг хүлээн авч байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Байлдааны туг нь Их Монгол Улс, эзэн Богд  Чингис хааны үеэс эхлэн Монгол цэргийн эр зориг, сүр хүч, алдар гавьяа, суу их ялалтын илэрхийлэл болсоор ирсэн гүн хүндэтгэлт бэлгэдэл билээ. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон-гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж байдаг “ХАЙРЛААГҮЙ АМЬ-ХАЛУУН СЭТГЭЛ” Та бүхнийх байдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.  

Онцгой байдлын байгууллагын 17 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгуулагдсан цагаас хойш албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтыг үндэсний хэмжээнд 20 гаруй хувиар өсгөж, парк шинэчлэлтийг 60-70 хувьд хүргэн  50 орчим анги, салбар шинээр байгуулан тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээр эгнээгээ тэллээ.

Мөн Онцгой байдлын албаны алба хаагчид энэ хугацаанд 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.