Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.06.21 14:48
1035
Тусгаарлан ажиглах байранд 16 мянган хүн, ойрын хавьтал болсон 40 мянган хүн байна

УОК-ын Шуурхай штабын хурал болов. Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.         

Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна.

Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ.      

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна гэлээ. Шуурхай штабын дарга Ц.Ганзориг:

-Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.     

  

119 дугаар руу залгасан иргэдийн  95 хувьд нь мэдээлэл өглөө. ЭМЯ-нд энэ утасны операторууд ажиллаж байна.

Орны нөөцийн хувьд өглөө бүр 230-250 ор нийслэлд сулардаг. Ор зохицуулалтын баг ажиллаж байна. Нэн шаардлагатай өвчтөнийг яаралтай хэвтүүлж байна. Улсын хэмжээнд 11500 хүн эмнэлэгт хэвтэж байна. Тусгаарлан эмчлэх болон тусгаарлан ажиглах байранд 16 мянган хүн байна. Ойрын хавьтал болсон 40 мянган хүн байна.

Өнөөдрийн байдлаар  18 аймгийн 145 суманд оон нутгийн удирдлагын шийдвэрээр хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ.   

Батлан хамгаалахын дэд сайд, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ирэх сарын 1 хүртэл ажиллана. Эрээнээс манай улс руу нэвтрүүлэх ачаа тээвэр саатсан асуудлыг энэ ажлын хэсэг зохицуулах үүрэг хүлээв.

Дүүргүүдэд 40 автобустай эмч нарыг амбулаторийн үзлэг хийлгэхээр ажиллуулж байна.

Мөн яамдаас 52 машин дайчлан авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.