Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2021.06.22 13:52
8400
Н.Алтанхуяг:Хүний мэдээлэл хамгаалах хуулийн төсөл амьдрал дээр алаад өгөх болов уу хаагаад хаячих болов уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу УИХ 1995  оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Энэ хууль нь гурван бүлэг, есөн зүйл бүхий, энэ хугацаанд  хуульд хоёр удаа  нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Ж.Сүхбаатар:  Төрд орж ирж байгаа хүмүүсийг ил болгож гэрэл цохиулах хэрэгтэй

Хүний нөөцийн ил тод байдал бол өнгөрсөн жил их муу явсан. Хэнийг ажилд авах гээд байгаа юм ямар хүмүүс ажиллаад байгаа юм. Ганцхан мөнгө л яриад байсан. Хамгийн хаалттай юм чинь хүний нөөцийн бодлого, менежментийн асуудал ил тод бус байна. Байгууллага салбарын хүний нөөцийн менежментийн ил тод байдал хүмүүсийх нь байгаа албан тушаал хэн юм гэдэг анкетийх нь нэлээд хэсэг нь ил тод байх ёстой. Тэгж байж шаардлага тавина. Намын шахаагаар гэнэ үү, хувь хүний шахаагаар гэнэ үү бизнесмений шахаагаар гэнэ үү. Төрд орж ирж байгаа хүмүүсийг ил болгох гэрэл цохиулах юм бол ил заавал байлгах нийтийн мэдээлэл жагсаалтууд. Нууцалдаг юмаа бид энэ хуулийг дагалдуулаад төрийн нууцыг тэр хуулийн хэмжээнд хязгаарлах ёстой.

Б.Энхбаяр: Газрын мэдээлэл ил болгохоор том сүлжээ мафи ил болчих гээд байх шиг байна

Нээлттэй мэдээлэл болгоно гэчихээд хэрэгжихгүй байгаа маш том дата бол газрын мэдээлэл байгаа. Үндсэндээ сая гаруй иргэд болон хуулийн этгээдийн газар эзэмших болон ашиглах эрхийн мэдээлэл, газрын албаныхан  оруулахгүй байгаа мэдээллийн санд миний ойлгож байгаагаар. Засгийн газар, хууль зүйн яам бол энэ дээр мэлээн шахаад ажиллаад байдаг. Хууль зүйн яам улсын бүртгэлийн байгууллага бол мэдээллийн бааз үүсгэх, энэ дээр манлайлж ажиллаж байгаа. Манлайлж ажиллаж байгаа учраас  и-монголиа буюу цахим систем үүсэх энэ дэд бүтцийг бий болгоод байгаа юм. Бүртгэлийн хоёр асуудал байгаа юм. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Хууль хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй юу. дөрвөн жил хууль хэрэгжүүлэхгүй байна. Миний ойлгож байгаагаар газрын албаны том мафи ханз үсрэх гээд байх шиг байна ил болгохоор. Зарим хүн бол 80 гаруй газар, Улаанбаатар хотын А зэрэглэлд авчихсан, тэрийгээ зарж байдаг. Нэг том авлигын сүлжээ байгаа байхгүй юу. энэ сүлжээ илэрчих гээд байдаг юм уу дэлбэрчих гээд байдаг юм уу оруулахгүй байх шиг байгаа юм янз бүрийн тайлбар тавиад.

Х.Нямбаатар: Бүх төрлийн газар эзэмших ашиглах, өмчлөх эрхийн мэдээллийг нийтэд ил болгож байгаа

Энэ хуулийн төслийн үзэл баримтлалд хамгийн том тусч байгаа асуудал бол авлига, албан тушаалын асуудлаар хамгийн их яригддаг газрын мэдээллэтэй холбоотой асуудал. мэдээлэл хариуцагч буюу төр нь ил болгох үүргийг хуульчилж өгч байгаа. Бүх төрлийн газар эзэмших ашиглах, өмчлөх эрхийн мэдээллийг нийтэд ил болгож байгаа. Тэр мэдээлэл ил болсноор хэн дуртай хүн нь авч үзэхэд нээлттэй болгож байгаа. Улсын бүртгэлийн байгууллага газрын харилцаа, геодези зурагзүйн газар аймаг нийслэл сум дүүргийн газрын алба бүгд мэдээллүүдээ шинээр олгож байгаа газар бүртээ дундын мэдээллийн санд мэдээлэл үүсгээд түүнд нь улсын бүртгэлийн дугаар өгөөд газар олголтын ажиллагаа бол хуульд заасны дагуу шинэ олголтын хүрээнд ил тод болоод явж байгаа.

ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандорж: Таван төрөл чиглэлийн 67 мэдээллийг нийтийн мэдээллийн тухай хуулиар ил тод болгож өгч байгаа

Одоогоос гурван жилийн өмнө бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдсанаар маш том ололт бий болсон. Үүний нэг нь үл хөдлөхийн хаягийн мэдээллийн сан нээлттэй байна гэж явсан. Үүний дагуу ЗГ үе шаттайгаар ажил хийж байгаа. Тэр хуулийн үргэлжлэл болж, иргэдэд мэдээлэл авах эрхийн баталгаа болж энэ нийтийн мэдээллийн тухай хуульд сайдын хэлсэнчлэн газар эзэмших ашиглах мэдээллийн сан нээлттэй байна. Таван төрөл чиглэлийн 67 мэдээллийг нийтийн мэдээллийн тухай хуулиар ил тод болгож өгч байгаа.

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад явж байгаа юм бэ

Хүний мэдээлэл хамгаалах хуулийн төсөл орж ирж байгаа нь сайн хэрэг. Практик дээр бодит зөрчлүүд үүсч байна. Нийтийн мэдээлэл дээр гурав ангилж байна. Нээлттэй , хязгаартай хаалттай төрд байгаа мэдээлэл. Өмнө нь би УИХ-д байсан. Монгол Улсын төсвөөс гаргаж татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад явж байгаа юм бэ. Тэгэхээр иймэрхүү харилцааг зохицуулж чадаж байна уу. Бид гоё ганган хууль гаргаж болно л доо. Яг амьдрал дээр тэр байгууллагын нөхөр өөрөө хуулиар би нууцаа тогтоодог хүн гээд заагаад өгсөн учраас өөрсдөө Монголбанкны байшин хэдээр боссоныг одоо хүртэл надад хэлж өгөхгүй байгаа. Хууль зүйн яамны байшин хэдээр боссоныг Х.Нямбаатар сайд одоо болтол нууцлаад хэлэхгүй, Б.Баасандорж худлаа тоо гаргаж өгчихөөд  байгаа. Иргэд байтугай  УИХ-ын гишүүн хүртэл мэдээлэл авах эрх чөлөөгүй болчихоод байна л даа. Тэгэхээр та нар энэ хуулийг оруулж ирж гаргах гэж байгаа өмнө нэг яриад ийм ийм хууль оруулж ирээд алаад өгнө гэснийг би бол дэмжиж байна. Амьдрал дээр алаад өгөх болов уу хаагаад хаячих болов уу гэдэг айдас надад байна.