Эрүүл мэнд
2021.06.22 14:54
2100
Т.БЭГЗСҮРЭН: Вакцин хийлгэсэн хүн бүр дархлаатай болно гэж ойлгож болохгүй

Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үздэг бол өнөөдрийн байдлаар манай улсын 1.9 сая хүн вакцинд хамрагдаад байна. Вакцин хийлгэсэн иргэдийн дунд дархлаа тогтох талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн мэдээллээ.

Тэрээр "Вакцин хийлгэсэн хүн бүр дархлаатай болно гэж ойлгож болохгүй. Сүүлд хийсэн тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүн тутмын гуравт нь дархлаа тогтож, нэг нь дархлаатай болж чадахгүй байгаа. Вакцины үр нөлөө 75%. 96 мянган хүн ӨНӨӨДРИЙН байдлаар халдвар авч бүртгэгдсэн бол ойрын хавьтал болж вирусийг биедээ авсан ч шинж тэмдэггүйгээр өвчилж эдгэрсэн хүмүүс байгаа.  Манай улсад сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй. Манай улсын 2.2 сая хүн дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтоно. Иймд 440 мянган хүн дархлаатай болох шаардлага бий" гэв. 

Сүргийн дархлаа тогтох хамгийн сайн арга хэмжээ нь 500 мянган хүнд нэмж вакцин хийх, муугаар тооцоход ойролцоогоор 145 мянган хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтоно гэдгийг онцоллоо. 

Харин Монгол Улсад мутацилагдсан хувилбар оруулахгүй байх нь чухал гэдгийг хэллээ.