Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2021.06.22 17:47
5303
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийв.

Тэрбээр, Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2017 оны оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны, хоригдолтой ажилласны зэрэг нэмэгдлүүдийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.

Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна.

Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих, анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба хаагч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшил олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.

Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгасан. Эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшилд 6.2 тэрбум.төг, цаашид жил бүр 2.3 тэрбум.төг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар алслагдсан сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжирна гэж үзэж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82,4 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.