Нийгэм
2021.06.22 19:06
1198
Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр ТЭРГҮҮЛЖЭЭ

"Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-ийг танилцууллаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын есөн дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулдаг ба  дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашигладаг байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми: “Улаанбаатар хотын хөгжил урагшилж байна уу. Ухарч байна уу гэдгийг тайлангаар харуулдаг. 2017-2019 оныг харьцуулахад дүүргүүдийн индекс урагшилж байсан. Харин 2019-2021 оны буюу энэ удаагийн тайлангийн үр дүнд дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна. Өөрчлөлт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй байна. Сул гарч буй үзүүлэлтэд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон асуудал байна. Эдгээрийг нийслэл, дүүргүүдийн түвшинд авч үзэх хэрэгтэй.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 150 үзүүлэлтээр авч үздэг. Аль болох амьдралын чанарыг сайжруулах үзүүлэлтүүдийг оруулдаг. Хотоос алслагдсан байдал нь дүүргүүдийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй. Харин давуу тал ч байж болно.

Анхны тайлангийн үзүүлэлтээр Баянгол дүүрэг үзүүлэлтээр тэргүүлж байсан. Сүүлийн хоёр жилийн судалгааны тайланг харахад тус дүүрэг эдгээр үзүүлэлтээсээ ухарч эхэлсэн. Харин Хан-Уул дүүргийн үзүүлэлт сайжирсан. Бусад дүүргүүдтэй харьцуулахад эерэг буюу сайн үзүүлэлт гарсан. Аюулгүй, амар тайван байдал, эдийн засаг, ажилгүйдлийн түвшин буурсан зэрэг сайн үзүүлэлттэй байна.

СУДАЛГААНД СУУРИЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛБАЛ ХӨГЖИХӨД ТУСТАЙ

 

ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан: Хөдөөгөөс суурин газар руу нүүх нүүдэл багасахгүй, нэмэгдэж байна. Монголын нийт хүн амын 46 хувь нь нийслэлдээ амьдарч байна.

Улаанбаатар хотод нийтийн тээврээ хөгжүүлэх шаардлага өндөр байна. Мөн дугуйн замыг бий болгох, ногоон байгууламж дутмаг зэрэг асуудал байна. Хүүхэд хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тайлангийн дэлгэрэнгүйг сайтад байршуулна.

Дүүрэг бүрд тулгамдсан таван асуудал, хамгийн сайн ба дутагдалтай 20 үзүүлэлтийг тайлангаар харуулдаг. Судалгаанд суурилж үйл ажиллагаа явуулбал хөгжихөд тустай.

Багахангай дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлэх, гудамжны гэрэлтүүлэг, томоохон худалдааны төвийг нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэмэх зэрэг хэрэгцээ байна.

Сонгинохайрхан дүүрэг нас баралтын хувь бага, орон гэргүй хүмүүсийн тоо есөн дүүргээс хоёрт, гэр бүл салалт бага байна. Нийтийн тээвэр, зам тээврийн зөрчил, амьжиргааны түвшний өсөлт удаан байна.