Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2021.07.17 12:02
6819
Коронавирусийн хоёр дахь давалгаагаар орон нутагт халдвар илүү нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. 

Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “Covid-19 халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад аймаг орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн байна. 

Өвчлөл нийт хүн амын 4.2 хувьд хүрсэн. Үүнийг бүс, аймгаар ангилж үзвэл Улаанбаатар хотод  хүн амын 6.6 хувь, Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу нийт хүн амын 4.5 хувь өвчилсөн бол Төв аймаг 3.7 хувь , Говьсүмбэр, Дархан-Уул аймаг дахь хүн амын дундах тархалт бусад аймгуудаас өндөр байна. Наадмын амралт болж байгаатай холбоотой орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн ихэссэн нь наадмын дараагаас орон нутагт бүртгэгдэх өвчлөлийн тоо нэмэгдэх эрсдлийг дагуулж байна. 

Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан байна. Тухайлбал өмнө нь нийт шинжилгээний 26 хувь эерэг гардаг байсан бол одоо 19 хувьд эерэг гарч байна”  гэлээ.

Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.