Нийгэм
2021.07.19 08:12
1993
ЭМГЭНЭЛ: Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас таалал төгсжээ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа таалал төгсжээ | News.MN

Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаа 2021 оны долдугаар сарын 18-ны өглөө хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрж, 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль,

1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр суралцаж тус тус төгсчээ.
 
1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын хэсгийн диспетчер, ахлах диспетчер,
 
1990-1992 онд УБТЗ-ын Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл, тариф хариуцсан ахлах инженер,
 
1992-1998 онд “Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, “Монгол транс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч,
 
1998-2005 онд “МТТ” ХХК-ийн захирал,
 
2007-2010 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга,
 
2010 онд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
 
2010-2013 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга,
 
2015-2016 онд УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга,
 
2016 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл УБТЗ-ын даргаар тус тус ажиллаж байсан юм.
 
Д.Жигжиднямаа нь Монгол Улсын төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, төмөр замын чадварлаг мэргэжилтэн, сайн зохион байгуулагч, шилдэг удирдагч төдийгүй УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа УБТЗ-ын тээврийн хэмжээг жил дараалан өсгөж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг улам бүр нэмэгдүүлж, УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлтийг хийх талаар томоохон бодит ажлуудыг хийж хэрэгжүүлж, Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж, Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд барих ажлыг удирдаж, амжилттай хэрэгжүүлсэн.
 
Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг төр,засаг өндрөөр үнэлж ОХУ-ын болон Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг, “Алтан гадас” одон, 2021 онд Монгол Улсын “Гавъяат тээвэрчин” цолоор тус тус шагнажээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.