Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2021.07.22 14:43
2310
Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байна

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж буй бэрхшээлтэй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яаманд ажиллах үеэрээ танилцав.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар "Газар хөдлөлийн голомтуудын идэвхжил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд тооцоо судалгаа чухлыг тэмдэглэв. Одоогоор Улаанбаатар хот, 12 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зураг гаргаад байгаа. Сүүлийн үеийн нөхцөл байдлаар хамгийн эрсдэлтэйд тооцогдож буй Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг есөн аймгийн төв суурингийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг санхүүжилтгүйн улмаас хийгдээгүйг дуулгасан юм.

Иймд Шадар сайд дээрх есөн аймгийн газар хөдлөлийн мужлалын зураглалын судалгаанд шаардлагатай санхүүжилтийг нэн даруй шийдүүлэхээ онцолжээ.

Мөн нийслэл дэх 8800, улсын хэмжээнд байгаа 8600 гаруй барилга байгууламжийг яаралтай паспортжуулж дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй, эрсдэлтэй барилгуудыг хүчитгэх зэрэг ажлыг цогцоор нь авч хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүүжилтийг ирэх оны улс, нийслэлийн төсөвт суулгахад онцгой анхаарахаа илэрхийллээ.

Нийслэлд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байна. Барилга, байшинд шинээр судалгаа хийхэд 3 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг энэ үеэр хэллээ. Иймээс цаашид шинээр барих барилга байгууламжуудад газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чанар стандартын шалгуур, шаардлагыг анхнаас нь тодорхой болгож хянахад анхаарах хэрэгтэйг шадар сайд онцоллоо.