Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.07.22 16:29
5514
Шатахуун импортлогчид шалгалтад бүдэрлээ, дараагийн алхам юу байх вэ?

ШӨХТГ, МХЕГ-тай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан байна. Нийт 74 автобензин, дизелийн түлшний дээжийн шинжилгээний сорилтын үр дүнд хийсэн дүгнэлтээр 56 дээж буюу 76 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэж гарчээ. Угтаа  26 импортлогч компанид 234 сая төгрөгийн торгууль ногдуулж, лиценз цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж, Ашигт малтмал газрын тосны газар хандаж байгаагаа ШӨХТГ-ын дарга сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Гэвч ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн постолсноор бодит байдалд хамгийн их ар тал, гишүүдийн татлаа түтлээтэй гэгддэг шатахуун импортлогчид байр сууриа тийм ч амархан тавьж өгөхгүй нь бололтой.

Өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчид байсгээд л  үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн, чанаргүй бензин борлуулсан гэх асуудалд холбогдож, акт торгуулийн арга хэмжээ авахуулж ирсэн. Гэвч бодитоор төлж байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Учир нь импортлогчид эргүүлээд шүүхэд ханддаг нь асуудал сунжирсаар он дамжих, төлөхгүй байх шалтгаан болдог. Ийнхүү ШӨХТГ-ын дарга бүрийн хөнддөг шатахууны асуудал сүржин эхэлж, даржин төгсдөг ийм л үйл явц өрнөдөг болоод удаж байна. Энэ удаад харин Б.Бат-Эрдэнэ дарга үнэхээр тэмцэж чадах уу, эсвэл улс төрчдийн лобби бүлэгт дарагдаад өнгөрөх үү гэдэг нь олны сонирхлыг төрүүлж байна. 

Нэгэнт шалгаад шалгалтад нь импортлогчид бүдэрлээ. Олон нийтэд зарлаад л өнгөрөх үү эсвэл торгосон шиг торгож, бизнесийн соёлд сургаж, лицензтэй нь ярих уу. ШӨХТГ-ын дараагийн алхам юу байх вэ гэдэг дээр олон нийтийн анхаарал төвлөрч байна. Тэр болтол хэрэглэгчид харин чанаргүй шатахуун хэрэглэж, эд хөрөнгөөрөө хохирсоор байх уу. Тэдний эрх ашгийг хэн хамгаалах вэ?