Эрүүл мэнд
2021.07.23 11:22
5424
Л.ЭНХСАЙХАН: ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭР 90-100% НАС БАРАЛТ, ХҮНДРЭЛЭЭС ХАМГААЛЖ БАЙГАА

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.07.23/

Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо долдугаар сард буурсан статистиктай байгаа бол Улаанбаатар хотод PCR шинжилгээнд эерэг илэрсэн хувь буурч, 17.6 хувь болсон мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өглөө. Харин орон нутагт долдугаар сарын 22-ны байдлаар 22.5 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн хүний тоо 7 бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээллээ.

Тэдгээр хүнийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байгааг мөн хэллээ. 

Өнгөрсөн долоо хоногт дельта хувилбар дэлхийн 111 оронд бүртгэгдээд байсан бол долоо хоногийн дотор нэмж 13 улсад бүртгэгджээ. Коронавирусийн мутацлагдсан хувилбараас дельта нь хамгийн эрсдэл өндөртэй буюу хурдан тархаж байна.

Энэ нь дельта хувилбарын вирус халдварлах чадвар маш өндөр гэдгийг харуулж байна. Энэ нь дельта хувилбар альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү байгааг харуулж байна

ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг тус хүний хөдөлгөөн ихсэх сарууд буюу ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. 

Сүүлийн хоногуудад Нийслэлд КОРОНАВИРУС халдварын тоо буурч, орон нутагт өсч байгаа учраас иргэд олон нийт халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах ёстойг АНХААРУУЛЛАА. 

Өнөөдөр буюу долдугаар сарын 23-ны байдлаар дэлхийн 192 улсад халдвар бүртгэгдсэн. Эдгээрээс давхардсан тоогоор 180 улсад Альфа хувилбар, 130 улсад Бета хувилбар, 78 улсад Гамма хувилбар, 124 улсад Дельта хувилбар илрээд байна.

Монгол Улсад бүртгэгдээд байгаа Дельта хувилбарын нууц хэлбэр 4-5 хоног, халдвар тархах хугацаа 6-7 хоног дунджаар байгаа бол иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, хүн хоорондын зай барих зайлшгүй шаардлагатай байгааг ЭМЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Л.ЭНХСАЙХАН анхаарууллаа.