Нийгэм
2021.07.26 15:37
1993
Зүрх ууланд төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа ҮРГЭЛЖИЛЖ байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх ууланд төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг /2021.07.26/ хүртэл үргэлжилж байна.

Тодруулбал, долдугаар сарын 19-ний өдөр Онцгой байдлын газарт Чингэлтэй дүүргийн харьяат, хөгжлийн бэрхшээлтэй 32 настай иргэн Н алга болсон дуудлага бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр анги, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид нийслэлийн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны “Зүрх-уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Харамсалтай нь эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу /2021.07.25,26/-ны өдөр  эрэн хайх ажиллагаа явагдаагүй бөгөөд өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.