Нийгэм
2021.07.27 13:32
5888
Ц.Жавхланбаатар: Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй байна

Эрээн хотод саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 186 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон боомтод үүсээд буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн тулгамдсан асуудал, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 02-ноос ажиллаж байна.

Энэ асуудлаар Зам-Үүд сум дахь Бүрэн эрхэт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатараас дараах тодруулгыг авлаа.

2021 оны 07 дугаар сарын 02-ноос 25-ны өдрийн байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй-594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй-1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.

            Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь консулын газрын холбогдох албан тушаалтангуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохироод байна.

            Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна.

            Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулах юм бол ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно.

            Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй болж Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна.

            Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд бид бүхний авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээврлэлтийг  нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 25-ны хооронд өргөн царигаар нийт 16993 вагон буюу 967147 тн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгч, БНХАУ-аас буюу нарийн царигаар 8442 вагон буюу 140745 тн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу 7586 тн ачааг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай “УБТЗ”ХНН-ээс  яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тянжин боомтод гацсан чингэлэгийг 51 галт тэрэг 2261 чингэлэгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна.

Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд 5556 вагон буюу 128175 тн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35318 тн ачааг, нийт  6157 вагон буюу 156584 тн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу 7319 тонн ачааг шилжүүлэн ачсан байна.