Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Спорт
2021.07.27 16:05
15813
САЙЕД МОЛЛАЙ МӨНГӨН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЖ, АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Энэ удаагийн Токиогийн зуны Олимпд Монгол улсыг төлөөлөн Ираны бөх, Дэлхийн аварга Сайед Моллай тун амжилттай оролцож байна.

Сайед Моллай нь 1992 оны 1 сарын 5-нд Иранд төрж өссөн ч, 2019 онд иргэншлээ солин Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах болсон жүдоч юм.

Учир нь Ираны Засгийн газраас улс төрийн зарим шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон ч 2019 онд Сайед Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорин эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Үүгээр зогсохгүй гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялаад байлаа.

Гэвч түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани, багийн дасгалжуулагч руу нь утсаар холбогдон, Моллайн гэр бүлийг нь заналхийлэн сүрдүүлж, түүнийг барилдахгүй байхыг үүрэг болгосон байна. Учир нь тэр дахин ялбал дэлхийн аваргын төлөөх барилдаанаа Израилийн бөх Саги Мукитай хийх байжээ.

Ингээд түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө мөн л Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Сайд Моллайтай уулзан, дахин сануулга өгсөн байна. Яг энэ үеп түүний гэр бүлээс утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлжээ.

Гарах гарцгүй хүнд нөхцөлд орсон Сайед Моллай гэр бүлээ хамгаалахын тулд нулимс дуслуулан байж, Израилын бөхтэй барилдалгүй хагас шигшээд ялагдахаас өөр шийдэлд хүрч чадаагүй аж.

Тэрээр ДАШТ-ий дараа Иран руу буцалгүй дүрвэж, Германд орогнож байх үедээ Монгол улсын иргэн болох хүсэлтээ өгчээ. Түүнийг Монголын жүдо бөхийн дэвжээ хийгээд ард түмэн түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга халуун дотноор хүлээн авсан юм.

Өдгөө Сайед Моллай хагас шигшээд шалгаран Монгол Улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн 81кг-ийн жинд Австрийн бөх Шамил Борчашвилийг ялж мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө Японы Т.Нагасе, Бельгийн М.Кассе нарын ялсантай барилдах юм.