Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2021.07.28 14:46
1670
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг Засгийн газраас холбогдох албаныханд үүрэг болголоо.


Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлаар Хятадын талтай хэлэлцэн тохиролцох, хилийн хяналтын цэг байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах бүтээн байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болголоо.
“Замын-Үүд” чөлөөт бүс байнгын ажиллагаанд орсноор иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх итгэлтэй болж, дулааны улиралд бүтээн байгуулалт хийгдэж, ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтэц сайжирч, хилийн хяналтын мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу нэг цонхны үйлчилгээ үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад, дотоод худалдаа эрхлэлт болон орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.