Б.Нарангоо
Ерөнхий редактор
Орон нутаг
2021.07.28 17:18
3719
Б.Анхбаяр:Замын-Үүдэд хил гарахаар 2600 машин оочерлож байна

Коронавирус дэгдсэнээс хойш манай улсын урд хил доголдож, цусны эргэлт нь удааширсан. Иргэдийн ачаа бараа хэдэн сарын хоцрогдолтой ирж байгаагаас улирал нь дууссаны дараа ирэх нь олон хүний халаасыг хоослоод зогсохгүй, хамаг мөнгийг нь царцаагаад байгаа. Иймээс энэ байдлыг засахаар Засгийн газрын тэргүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, халаа сэлгээ хийсэн.

Замын-Үүдийг цэгцэнд оруулахаар очсон Л.Эрдэнэчулуун дарга ажлаа ариутгалын хаалга солихоос эхэлж, сүртэй зарласан ч тэр нь иргэдээс оноо авахаас илүүтэй хаалга солиол болох байсан юм уу гэх таагүй уур амьсгалыг сошил орчинд бүрдүүлсэн.

Тэгвэл ажлын хэсэг томилогдоод нөхцөл байдал дээрдсэнгүй улам дордсоныг иргэд, тээвэрчид хэлж байна. Хил гаалийн ажлын хэсгийнхэнд  Л.Цандэлэгээс эхлээд тээвэрчид дараах дүнг тавьж байна. 

Цаг сайхан үед 13 метрийн урттай ачаа 8000 юанаар тээвэрлэдэг байсан. Харин одоо 65 мянга хүртлээ суга өссөнг төгрөгт шилжүүлвэл 29 сая 315 мянган төгрөг болж байна. Ганцхан урд хөршөөр хязгаарлагдахгүй  дэлхийн улстай Замын-Үүдийн боомтоор ачаа бараа солилцдогоос боомтынхоо үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэйг ковид бидэнд сануулж байна. 

Хил гаалиар ачаа удаашралтай байгаа нь авлига,  албан тушаалын хэрэг байж магад хэмээн сумын засаг дарга Г.Анхбаяр тэргүүтэй зургаан хүнийг баривчилсан ч төд удалгүй сулласан. Ийнхүү ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа Замын-Үүдийн засаг дарга Б.Анхбаяраас  хил гаалийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Б.Анхбаяр:Хил гарахаар яг одоо 1700 машин оочерлож байна

-Ариутгалын хаалга баригдаж байна. Хэзээнээс бүрэн ашиглалтад орохоор байна вэ?

-Ариутгалын эхний нэг хаалга хийгдээд дууссан. Импортын талын хаалга угсарч байгаа.  Наймдугаар сарын 1 гэхэд бүрэн угсарч дуусах байх.

-Хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт гарсан уу. Өнөөдөр хэдэн машин хил нэвтэрсэн бэ?

-Хилээр гарах тээврийн хэрэгслийн тоо монгол талаас 110 урд талаас 150-170 машин нэвтэрч байгаа. Үүний 40-50 нь импортын шинэ машин. Бусад 110-120 нь ачаа тээврийн машин байгаа. Мөн Хятадын талаас төмөр замын шугамаар ачаа бараа татан авах ажиллагаа явагдаж байна. Өчигдрийн байдлаар 28 вагон ачаа тээвэрлэсэн.

-Сүүлд экспортын махнаас коронавирус илэрснээс үүдэн махны экспортыг зогсоосон. Одоо экспортын бүтээгдэхүүн гарч байна уу?

-Экспортын барааны ариутгал халдваргүйтэл гүний гаалийн терминалаас чингэлэгт хийн, лац тавиад, Замын-Үүдэд шалгагдалгүй шууд экспортод гардаг. Экспортын барааг сайн ариутгаж, халдваргүйжүүлэхгүй бол хүн зөөвөрлөх явцад нян, вирусээр халдварлах нөхцөл үүсч байна. Иймээс хятадын талаас 50 кг-аас дээш жинтэй , хүний гараар зөөдөггүй өргөгч машинаар зөөх бараа бүтээгдэхүүн л хүлээж авна гэх шаардлага тавьж байгаа. Хар тунгалаг, ноос ноолуур ариутгагдаад ирвэл хилээр гаргана гэж байгаа. Мах харин хэзээнээс экспортлож эхлэх нь тодорхойгүй байна.

-Шинэ ажлын хэсэг очсоноор үнэ ханш улам өслөө. Ажил урагшлахгүй байна гэх хүмүүс их байна?

-Ажил төрөл сайжруулах гээд ирсэн ажлын хэсэг ирээд хоёр долоо хонож байна. Одоо хэлэх эрт байна, цаг хугацаа харуулах биз. Тээврийн хэрэгсэл гарч байгаа тоо хязгаартай байгаагаас өөр ямар нэг өөрчлөлт ороогүй. Харин үнэ нэмэгдэж байгаа гэсэн яриа байна. Улаанбаатараас Замын-Үүд сум руу оруулах ачааны машиныг 50-аас хэтрүүлэхгүйгээр зөвшөөрөл олгож байна. Одоо бол Замын-Үүд суманд 1700 машин хил гарах гээд оочерлож байна. Үүнээс гадна хил гарахаар оочерт бүртгүүлсэн 900 машин байна. Тэгэхээр нийт 2600 машин хил гарахаар  Замын-Үүдэд хүлээж байна гэсэн үг.