Гэр бүл судлаач , хуульч Л.Нарантуяагийн зөвлөгөө залуу гэр бүл рүү чиглэж байна. Сайн , сайхан эхнэр байхыг хүсэхгүй бүсгүй гэж үгүй. Түүний зөвлөж буй үгс таньд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Өрх гэрийн амин сүнс нь эх хүн байдаг. Эх хүн айл өрхийн гэрэл гэгээ, амьдралын алтан багана, бас ээж багш юм.
“Монголын үзэсгэлэнт сарангоо намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж
Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж
Зүйтэй уран үгээрээ сурган хүмүүжүүлсэн ээж” хэмээн ээж багш нарын агуу хөдөлмөрийг үнэлсэн дуу бий.
Эвийн сургаалийг үндэслэгч Алунгоо, бэрхшээлийг шантралгүй туулагч Өүлэн үжин, уран ухаанаар хөтлөгч Бөртө үжин, сүсэг сургаалийг дээдлэгч Сорхогтани хатан, урнаар өгүүлэхийг дэмжигч Ханджамц, эр зоригийг үзүүлэгч Мандухай хатан, төрийн үйл хэрэгт зүтгэгч Удвал зохиолч гээд үе үеийн үй олон “ээж багш”-ийг Монгол төрүүлсэн.
Өнгөнд цэвэр
Үйлэнд уран
Үрдээ энэрэлтэй
Үргэлж цэмцгэр
Ханьдаа халамжтай
Хадамдаа элэгтэй
Найранд ерөөлтэй
Настанд буянтай гэж эмэгтэй хүний жинхэнэ шинжийг тодорхойлсон байдаг.
Эр нөхрийн хариуцлага эхнэр хүнд адилхан мөрдөгдөнө. Гэхдээ эхнэр хүн дараах нэмэлт зүйлийг хариуцлагдаа анхаарах хэрэгтэй.
- Эр нөхрийнхөө алдаж буруудсан цагт нь үнэнч сэтгэлээр зөвлөж, түүнийгээ засаж залруулж авахыг хичээх. Харин элдвээр муучлах, зовлон дээр нь нэрмээс нэмэхээс сэргийлээрэй.
- Эр хүн худал хуурмагт хэзээ ямагт дургүй тул зүрх сэтгэлдээ нууцлаж байсан бүхнээ уудлан дэлгэж, зөв буруугаа ханийхаа амнаас тэвчээртэй сонсож сурах.
- Арчаагүй бохир, ажилгүй залхуу, өнгө зүсгүй эмэгтэй гэдгээр нөхрийнхөө сэтгэлийг бүү шархлуулаарай. Таны сайн муу үйлдлийн аясаар эр нөхрийн чинь сэтгэл зүрх хөдөлж түүнийг удирдаж байдаг шүү. Иймээс нөхрийнхөө сэтгэлийг үргэлж тайван болоод баяр баясгалантай байлгахыг хичээх хэрэгтэй.
- Эр нөхрийнхөө зан араншинг маш түргэн судалж, гарын таван хугуу шигээ мэддэг байж, түүнд тохируулан сэтгэлийн цэнгэл өгч сурах хэрэгтэй. Бусдын амнаас эр нөхөртэйгээ холбоотой муу үг сонсох гэж хичээх хэрэггүй. Чиний нөхрийг чамаас өөр мэдэх, дэмжих, магтах, хөгжүүлэх хүч байхгүй.
- Эр нөхрийнхөө сайхан ажил үйлсийг баясан дэмжиж, сайхан нөхөрсөг зан аашинд талархаж түүнийхээ баяр, гуниг зовлонг хуваалцаж харилцаад сурчихвал үүрдийн ганц үнэнч ханиар хорвоог туулж болно.
- Эр нөхрөө гадагшаа гараад ороод ирэх болгонд хүсэн хүлээсэн мэтээр угтаж авч сур. Үл ойшоосон шинж гаргах, уурлаж уцаарлах, ширвэх, хялалзах, юмаа чанга хаялах,хүүхдээ харааж зодож угтах нь таньд маш хортой. Нөхөртэйгээ хамт байхыг үргэлж жаргал гэж бодож бай. Хүсэн хүлээж байдгаа батла.
- Гэрээ цэвэрлэхгүй бохир заваан, уранхай хувцастай, нүүр гар бие хаагаа цэвэр авч явахгүй элдэв үнэр гарах нь нөхрөө хэт үл ойшоож, доромжилсон байдал шүү. Мөн үүний эсрэг хэт их хичээгээд гоёл чимэг хэрэглэж хэрэггүй. Хардах сэтгэл төрүүлнэ. Донжийг нь олоод хүслийг нь олоод хүслийг нь дагахыг бодоорой.
- Муу үлгэр үзүүлэх найзтай байх гээд хэрэггүй. Ялангуяа нөхрийнхөө хэрэггүй гэсэн хүнтэй нөхөрлөж ойртоод бүр хэрэггүй. Нөхөргүй хамт орой үдэш гардаг эмэгтэйг гэмт хэрэгтэн мэт харна шүү цаадуул чинь. Эсвэл бүр эсрэгээр нь танай нөхрийг булаагаад авах, нууцаар амраглах асуудал элбэг тохиолддог юм шүү.
- Эр нөхрөө эрхэндээ хүслээрээ хамтдаа байя гэвэл халамж хайр, цэнгэл жаргалаа харамгүй хайрла. Аашинд нь сайн тохируулж харьц. Хатуурхаж бүү ширүүл. Зөөлөн нь хатуугаа гэдэг зарчим гэрт мөрдөгддөг. Эвлэг аядуу, уянгалаг зөөлөн яг л хүүтэйгээ харьцаж байгаа мэт сэтгэж дуу хоолойгоозасаж харьцаарай. Ойлгож, сонсож байх нь нөхөрт үргэлж таалагддаг.
- Гэр оронд тохиолдож байгаа зовлон жаргал, үл ойлголцолоо дайралдсан хүн бүрт дэлгэх нь танай амьдралд маш хортой. Түүний ээж, аавыг өөрийн мэтээр үзэж, өчүүхэн ч ялгавар гаргаж болохгүй.
- Эр нөхөр чинь уурлаж уцаарлавал тэрхэн үед нь зөөлөн аядуу хоолойгоор харилцаж эсвэл огт дуу гарахгүй хүлээж байгаад тайвширсан хойно нь ярилцаж болно шүү дээ.
- Гэрийн доторх бүх цэвэрлэгээ, хоол хийх, хувцас угаалга, хүүхэд асарч хүмүүжүүлэх, гэрээ тордож чимэглэх, тав тухтай орчин бүрдүүлэх нь эхнэр хүний гол хариуцлага байдаг. Нөхрөө диваажинд залруулах нь эхнэрийн хайрыг ханатал авах гол арга зам. Тамыг санагдуулах орчинд хэзээ ч хайр өсч хөгжихгүй.
- Хэрэгтэй гэж үзвэл бурхан тэнгэртээ мөргөж, тахилга даллага авахуулж, сүжиг бишрэлтэй байж, ариуссан нигүүлсэнгүй сэтгэлтэй бай.
- Учирсан хань чинь зүс царай таагүй, эрдэм номоор дульхан, зиндаа тушаал доогуур, ядуу зүдүү байлаа ч түүнийгээ бурхан тэнгэр мэт шүтэж, түүндээ зүрх сэтгэлээ буцалтгүй өгсөн шиг өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт л амьдрал чинь төгс жаргалыг олох болно.
- Ханилсан эр нөхрөө үл хүндэтгэн гоочилж, голж, салснаар өөрөө үүрдийн зовлонг үүсгэж, үр хүүхэд тань үеийн үед ганцаардлаар дүүрнэ.
- Сайн бүхнийг сурч, муу бүхнээс холуур явж байхыг хичээгээрэй. Бузар заваан хортой ажил үйл, зан авираас сайн сайхан зүйл хэзээ ч гарахгүй.
- Эр нөхрөө эзгүй хойгуур наадам цэнгээний газраар бүү яв. Нар жаргаснаас хойш нөхөр эзгүйд гэртээ яаравчлан ирж сур. Муу ороолон хорлож самуун, завхайрал нүүрлэдэг. Орой шөнөөр явсан ч өөрийн ах, эгч, дүү, хүүхэдтэй хамтдаа явж байгаарай.
- Энэ бүхнийг насан туршдаа сахиж чадваас та ёс журамт хатан ухаант эхнэр болж үеудмаа язгуур түвшинд хүргэх болно. Харц гарал, харц үзлээс салах амьдралын зарчим толилууллаа.
- Ханийг авах амархан ч алдах бүр амархан. Ханийг хөгжүүлж, цэнгүүлж, жаргааж, уучилж, өршөөж байж зүрх сэтгэлийг нь бүрэн эзэмддэг.