Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдаж, даган мөрдөх болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр орсон зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-ыг шинэчлэн, дахин гаргасан байна.
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар” ном нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид хамтран гаргаж буй гуравдахь бүтээл бөгөөд анхныхыг 2007, хоёрдахийг нь 2008 онд тус тус хэвлүүлэн шүүгч нарт хүргэж байжээ.
Энэхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд учирдаг зарим бэрхшээл, хүндрэлийг арилгах, хуульд туссан хэм, хэмжээний утга, агуулгыг зөв ойлгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, үндэслэл бүхий шийдвэр гаргахад шүүгчид тус дөхөм болох гарын авлага болгохыг зорьсон байна.
Нэмж засварласан гурав дахь хэвлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орсон бүх нэмэлт,өөрчлөлтийг тусгаж, Улсын Дээд шүүхээс 2009 оноос хойш шинээр гарсан зөвлөмж, тоймыг багтаажээ.