Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд саарал утаа бүрхээд байгаа бөгөөд өнөөдөр энэ үзэгдэл улам нэмэгдэв. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх ажээ.
Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа бөгөөд зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 15,000 ам км газар нутагт түймэр өртжээ.