БШУЯ-наас нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийх үеэр БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир сурагчдын жигдрэлт буюу дүрэмт хувцасны тал дээр байр сурий илэрхийлэв.
Т.Ням-Очир: "Дүрэмт хувцасны тухайд тухайн сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл хамтраад шийдэх боломжтой шийдэл байгаа. Заавал бүгдийг нь ижилхэн форм худалдаж авч өмс гэдгээс илүүтэйгээр, аль болох өөрийн сургуулийнхаа, орон нутгийнхаа онцлогт тохирсон шийдлийг гаргах ёстой. Гэхдээ дүрэмт хувцас өмсүүлэхгүй гээд хүүхдүүдийн эрхийг зөрчиж болохгүй тал дээр анхаарахыг бид зөвлөж байна. Жишээ нь дүрэмт хувцас өмсөөгүйгээс болж зарим хүүхэд 5 өдөр өөр хувцас өмсөх, ялгаатай байдлаараа ялгарах, эрх нь зөрчигдөх, сурах сонирхолд нь нөлөөлөх гэх мэт асуудлуудыг бид гаргаж болохгүй. Маш олон шийдэл бий. Хөдөө сумдын хүүхдүүд бол есдүгээр сарын 1-нд дүрэмт хувцасны хангалт аймаг орон нутагт нь хүрэхгүйгээс болоод цагаан цамц, цэнхэр цамцаараа, хар өмдөөрөө жигдрээд явдаг, үүнийг хичээлийн жилийнхээ турш мөрдөөд явдаг шийдлүүд бий. Аль болох хүүхдийг эрхийг зөрчихгүй, ялгаатай байдал үүсгэхгүй талаас нь анхаарах ёстой" гэв.