Жил бүрийн зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийг Монголын тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тив, дэлхий, олимпийн наадамд эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан үе үеийн алдарт тамирчдын маань баярын арга хэмжээ маргааш 7.30 цагаас Зайсангийн бурхантай хөшөөнөөс нийтийн гимнастик, бүх нийтийн алхалтаар эхлэх юм. Эрүүл мэндээ боддог хүн бүрийг хамтдаа алхахыг уриалж буй уг алхалт 10.00 цагийн орчим Спортын төв ордны баруун талын талбайд орж ирэх бөгөөд 10.45 цагт ахмад тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ажээ. Улмаар 2013 онд ажил үйлсээрээ шалгарсан биеийн тамир, спортын арга зүйч, талбай, танхимуудад өргөмжлөл гардуулж, ОУХМ, спортын мастер цолны болзол хангасан тамирчдад цол тэмдгийг нь гардуулж өгөх аж.