m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 11:18
177
Улаан уруулын будагны арван төрөл

Дэлхий дээр хэдэн зуун төрлийн улаан өнгийн будаг байдаг ч түүнийг хоёр хэсэгт төвөггүйхэн хувааж болно. Зохидог ба зохидоггүй. Мэдээж аль улаан өнгө нь чамд төгс зохихыг мэдэхийн тулд эхлээд бүгдийг нь мэдэж байж сонгох хэрэгтэй, тийм үү? Тиймээс нийтлэг давтагддаг улаан уруулын будагны 10 төрлийг энд жагсаалаа.

1. Улбар улаан
Ихэвчлэн цайвар, цагаан царайтай хүмүүст тохирдог гэж харагддаг ч яг үнэндээ бүх төрлийн арьсанд зохидог цорын ганц улаан өнгө. Чиний царайг гэрэлтүүлж илүү өөдрөг, цоглог харагдуулдаг. Гэхдээ дулааны өнгө учир хавар, зуны улиралд түлхүү хэрэглээрэй.

2. Шаазан улаан
Шаазан улаан өнгө яах аргагүй цайвар арьстай хүмүүст илүү зохидог. Бор царайг бүдэгрүүлж, уйтгартай харагдуулах талтай учир ийм үед нүднийхээ будгийг гэгээлэг байлгаарай.

 

 

3. Аньсны улаан
Улаан уруулын будгийг сонгож сурсан “мэргэжилтэн” шиг харагдахыг хүсч байна уу? Тэгвэл аньсны улаан өнгийг сонгоорой. Шаргал туяатай арьсан дээр төгс тохирч чамайг нүүр будгийн тал дээр хэчнээн туршлагатай болохыг илтгэнэ.

 

4. Бөөрөлзгөнө улаан
Хэдэн ч насны хүнийг залуухан болгох шидтэй улаан. Ялангуяа цагаан эсвэл ижил өнгийн даашинзтай хослуулвал бүр ч үзэсгэлэнтэй харагддаг. Бор туяатай арьстай бүсгүйчүүдийн хэзээд итгэлтэй сонгох өнгө гэсэн үг.

 

5. Интоорын улаан
Сонгодог улаан. Өөрөөр хэлбэл хамгийн эрт гоо сайхны хэрэглээнд орж ирсэн улаан өнгө ч гэж нэрлэж болно. Ягаан туяатай арьсан дээр гайхалтай тохирч хэчнээн олон хүний дунд явж байсан ч шууд л харц соронздом харагддаг. Бас шүдийг илүү цагаан харагдуулдаг гээч!

 

6. Дарсны улаан
Уруулан дээрээ үдшийн гэрэл “асаамаар” байвал дарсны улаан өнгө чиний хамгийн эхний сонголт байх болно. Гүнзгий, торгомсог мэдрэмжээ илтгэх бас нэгэн боломжийг заавал ашиглаарай.

 

7. Тослог улаан
Хадмуудтайгаа танилцах эхний уулзалтанд төгс тохирох өнгө бол тослог улаан. Чамайг хэт халуухан харагдахаас “сэргийлнэ”. Гэхдээ мэдээж биеэ даасан хэрнээ гэр бүлсэг, халамжтай, амжилттай яваа бүсгүй гэдгийг чинь мэдрүүлнэ л дээ.

 

8. Бэрсүүт жүржний улаан
Мандарин жимсийг уруулан дээр ургуулвал иймэрхүү л өнгөтэй гарч ирэх нь дээ. Улбар шаргал өнгөнүүд дотроо ялгагдах гол онцлог нь бор туяатай арьсанд ч зохицдог нь юм. Үгүй гэвэл Бейонсийн дүү Соланж Ноулз, дуучин Женнифер Хадсон нарыг хараарай.


 

9. Бор улаан
Бор улаан өнгийн уруулын будагны тухай бодонгуут төсөөлөлд минь шууд л том том долгионтой буржгар үс давхар орж ирдэг. Хэдийгээр гоо сайхны мэргэжилтнүүд бор улаан цайвар арьсанд илүү зохицно гэж үздэг ч надад бор царайтай бүсгүйчүүдэд бүр ч “зэрлэг” харагдах юм шиг санагддаг шүү.

 

10. Хүрэн туяатай улаан
Интоорын улаан өнгөнөөс тон бүдэг хүрэн туяатай өнгө. Хөмсгөө хар туяатай бор өнгөөр, нүдээ аль болох цайвар тениэр будаж зохицуулахад л чи үдшийн хатан боллоо гэсэн үг.